Дэлхийн зах зээлд зэсийн үнэ огцом өссөн нь юунаас шалтгаалав?

Дэлхийн зах зээлд зэсийн үнэ огцом өссөн нь юунаас шалтгаалав?


   АНУ-ын уул уурхайн “Freeport-McMoRan” компанийн Индонезийн Грасберг уурхайд байгалийн гамшиг тохиосны улмаас зэс нийлүүлэх гэрээгээ биелүүлж чадахгүй байгаагаа зарламагц зэсийн үнэ 4 хувиар өссөн байна. “Financial Times” сонины мэдэлснээр, Лондонгийн металлын бирж дээрх зэсийн үнэ тэр өдөртөө 3.7 хувиар өсч, нэг тонн нь 10350 ам.доллар хүрсэн бөгөөд энэ нь сүүлийн 15 сарын хамгийн өндөр өсөлт ажээ. “Freeport-McMoRan” компани гэрээгээ биелүүлэх боломжгүй болсноо "давагдашгүй хүчин зүйл" гэж нэрлэжээ. Өнгөрсөн 8-ны өдөр Грасбергийн уурхайд үер буусны улмаас хоёр хүн амиа алдаж, таван хүн сураггүй алга болсон бөгөөд аврах ажиллагаа одоо хүртэл үргэлжилсээр байна. Энэхүү осол нь үйлдвэрлэлийн томоохон саатал үүсгэж болзошгүй хэмээн компани мэдэгдээд, өмнөх үйл ажиллагааныхаа түвшинд 2027 он хүртэл эргэж орох боломжгүй болсныг онцолжээ. Үүний дараа компанийн хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 10 гаруй хувиар унасан байна. Сүүлийн үед дэлхий даяар тохиож буй байгалийн гамшиг, осол нь зэсийн нийлүүлэлт тасалдаж болзошгүй гэсэн болгоомжлолыг төрүүлж байна. Өнгөрсөн тавдугаар сард Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын Камоа-Какула уурхай үерт автаж, долоодугаар сард Чилийн Эль Тэньенте уурхайн хонгил нурснаас болж олборлолт тасалдсан хэвээр байна. Шинжээчдийн үзэж байгаагаар, эдгээр гурван уурхайн үйл ажиллагаа тасалдсанаас болж дэлхийн зэсийн үйлдвэрлэл энэ онд ойролцоогоор 6 хувиар буурах ажээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.