Хятад ээжийн урласан "Nike" брэндийн цүнх олон жилийн дараа үнэд хүрэв

Хятад ээжийн урласан "Nike" брэндийн цүнх олон жилийн дараа үнэд хүрэв


   Хятад ээжийн охиндоо зориулан гараар урласан "Nike" цүнх олон жилийн дараа цахим сүлжээгээр таран олны талархал хүлээж, Nike компанийн албаны хүн уран ээжид талархал илэрхийлэн бэлэг өгөхөө амлав. Хонконгийн “South China Morning Post” сонины мэдээлснээр, Хятадын Шаньси мужийн иргэн, 23 настай эмэгтэй Лю дунд сургуульдаа үүрдэг байсан цүнхнийхээ зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна. Тэр нь  "Nike” брэндийн логог цэцгэн хээгээр чимэглэж урласан улаан цүнх байжээ. Тэрбээр бага насаа дурсаж "Манай ангийн хүүхдүүд бүгдээрээ жинхэнэ "Nike цүнх үүрдэг байсан. Тэр үед тийм цүнх 300 юанийн үнэтэй байсан тул би худалдаж авч дийлэхгүй байлаа. Харин оёдолчин ээж минь миний цүнхэн дээр "Nike"-ийн логог урлаж, дэлхий дээр хаана ч байхгүй ийм цүнхтэй болгосон” гэжээ. Улмаар ээж нь түүний бүх хувцсыг гараараа урлаж өгдөг байсан тухай дурссан байна. Түүний нийтэлсэн зураг олон нийтийн сүлжээгээр маш хурдан тарж, 8,6 сая хандалт авч, 500 мянга гаруй сэтгэгдэл үлдээсэн байна. Ихэнх хүмүүс түүний цүнхийг магтан сайшаажээ. Үүний дараа “Nike” компанийн Хятад дахь салбар түүний нийтэлсэн зургийн доор сэтгэгдэл үлдээхдээ "Эхийн ​​хайр гэдэг ийм агуу. Тийм хайр бидэнд “Зүгээр л хий” (Just Do It) гэсэн урам зориг өгдөг” гэсэн байна. Энэ нь компанийнхаа  “Just Do It “ гэсэн уриа үгийг ашигласан хэрэг байв. Дараа нь тус компани Лю-гийн уран ээжид бэлэг илгээнэ гэдгээ амласан байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.