Энэтхэг: Барилгын экскаваторыг хоолны шанага болгож ашиглажээ

Энэтхэг: Барилгын экскаваторыг хоолны шанага болгож ашиглажээ


   Саяхан Энэтхэгт болсон хүнсний үйлчилгээний арга хэмжээнд барилгын экскаваторын шанагаар хоол хутгаж байгаа дүрс бичлэг тарж, олны шүүмжлэл дагуулаад байна. Бичлэгт экскаваторын шанагаар том тогоо дүүрэн карриг хутгаж, самарч  байгааг харуулсан байгаа бөгөөд барилга, зам засварын машин техник гал тогооны хэрэгсэл болж хувирсныг хэвлэлүүд хачирхан мэдээлж, иргэд шүүмжилжээ. Бичлэгийг Х /хуучнаар Твиттер/ хуудсанд нийтэлсэн хүн "Барилгын экскаватор хоолны шанага болжээ. Зохион байгуулагчид энэ үйлдлээрээ бахархах янзтай байна. Техникийн тос масло болон зэвэнд идэгдсэн энэ экскаватор барилгын талбайд ашиглагдаж байсан бололтой. Харин манай улсын Хүнсний аюулгүй байдал, стандартын газар ямар ч арга хэмжээ аваагүй байна" гэжээ. Энэ арга хэмжээ хаана болсон нь тодорхойгүй байгаа ч зарим хэвлэл Мадхья Прадеш мужид болсон гэж таамаглаж байна. Хөдөө орон нутаг, жижиг тосгонд зохион байгуулагддаг үнэ төлбөргүй хоолны арга хэмжээний эрүүл ахуйн асуудал дээр анхаарал хандуулах шаардлагатай байгааг хэвлэлүүд мөн онцолсон байна. Нийгмийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн энэ талаар хэлэхдээ "Барилгын тоног төхөөрөмжийн гадаргуу нь ихэвчлэн тос, тосолгооны материал, металл хаягдлаар бохирдсон байдаг. Ийм тоног төхөөрөмжийг хоол бэлтгэхэд ашиглах нь хоолны хордлого болох зэрэг зэрэг эрүүл мэндийн ноцтой асуудалд хүргэх магадлалтай" гээд, даруй арга хэмжээ авахаа мэдэгджээ. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.