Насаараа хэмнэж амьдраад хагас сая доллар хураасан япон эр юунд гэмшив?
Насан туршдаа хэмнэлттэй амьдарч бараг 460 мянга гаруй доллар хуримтлуулсан 67 настай япон эр мөнгөний төлөө үхэн хатан зүтгэж ирсэндээ харамсаж буйгаа “South China Morning Post” сонинд ярьжээ. Ядуу зүдүү гэр бүлд төрсөн тэрбээр дунд сургуульд байхдаа ресторанд цагийн ажил хийн мөнгө цуглуулж эхэлсэн байна. Түүнээс хойш хэрэглээгээ танаж, зөвхөн мөнгө хуримтлуулахын төлөө зүтгэж иржээ. Тэрбээр 60 гаруй наслахдаа нэг ч удаа ресторанд хооллож үзээгүй бөгөөд өдрийн хоолондоо тахианы мөч, будаа, өндөг төдийхөн идсээр өнөөг хүрсэн байна. Мөн ажлын газрынхаа ойролцоох хуучин байранд насаараа амьдарсан тул автобус унаанд мөнгө огт заралгүй, явганаар, эсвэл унадаг дугуйгаар ажилдаа ирж очдог аж. Түүгээр үл барам гэрийнхээ халаалт болон агааржуулагчийг бараг ажиллуулахгүй өдийг хүрчээ. Энэ бүхнийг нь хамт ажиллаж байхдаа танилцсан эхнэр нь бүрэн ойлгож, дэмжиж ирсэн бөгөөд тэд үр хүүхэдтэй болсон хойноо ч амьдралын хэв маягаа өөрчлөөгүй юм. Ийнхүү тэд машин унаа хөлөглөлгүй, өрхийн төсвөө нягт нямбай барьж, зөвхөн мөнгө хэмнэхийн төлөө амьдарчээ. Үр дүнд нь хадгаламж нь 35 сая иен хүрч, сарын тэтгэвэр нь 240 мянган иен болсон байна. Тэрбээр 60 насандаа тэтгэвэрт гарч, 65 нас хүрэхдээ нийт 65 сая иен буюу хагас сая доллар хуримтлуулж чадсан байлаа. Гэтэл удалгүй эхнэр нь өвдөж, жил гаруйн дараа өөд болсон бөгөөд эрүүл саруул байхад нь хамт аялж, амттай хоол идэж байгаагүйдээ тэрбээр маш их гэмшсэн байна. Эцэст нь хүмүүст хандаж "Мөнгө хураах гэж насаараа өөрөө өөрөөсөө харамлаж явах шиг утгагүй амьдрал байдаггүй юм байна" хэмээн хэлжээ. Түүний тухай Японы "Gold Online" сувгаар гаргасан бөгөөд амьдралын ийм хэвшил тус улсад маш элбэг байгааг онцолсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







