Гитарчин Д.Өлзий-Орших зохиогчийн эрх дахин ярихгүйгээ тангараглав
Өнгөрөгч баасан гарагт эхэлсэн “Mongol HD” телевизийн дөрөв дэх удаагийн “Voice” уралдаант нэвтрүүлгийн оролцогч өөрийнх нь дууг зөвшөөрөлгүй дуулсанд харамсаж буйгаа гитарчин, ая зохиогч Д.Өлзий-Орших Facebook хуудсаараа дамжуулан өчигдөр илэрхийллээ. Үүний зэрэгцээ тэрбээр зохиогчийн эрхийн асуудлаар дахин огт дуугарахгүй гэдгээ мэдэгджээ. “Voice” зэрэг телевизийн уралдаант нэвтрүүлгүүд ашгийн зорилготой гэдгийг тэрбээр юуны түрүүнд дурдсан байна. Улмаар ивээн тэтгэгчид эдгээр нэвтрүүлэгт олон зуун сая төгрөг төлөхийн зэрэгцээ телевиз нэвтрүүлгээ ORI, “YouTube” зэрэг платформ дээр тавиад мөн ашиг олдог, улмаар амжилттай оролцсон хүмүүстэй гэрээ хийж дуу дуулуулсны хариуд бас орлого олдгийг онцолжээ. Мөн зохиосон дуу нь караокений бизнес эрхлэгчдэд асар их орлого оруулдаг боловч зохиогч нь түүнээс огт хүртдэггүйг өгүүлсэн байна. Улмаар Монголд дуу зохиосон хүн зохиогчийн эрхээсээ орлого олох бололцоогүй харамсалтай бодит байдалд бууж өгч, энэ талаар дахин хэзээ ч ам нээхгүй гэдгээ мэдэгджээ. Постоо тэрбээр "Дахиж хараал идсэн оюуны өмчийн талаар юу ч ярихгүй. Тангараглая! Буянаараа болог" хэмээн төгсгөсөн байна. 1985 онд Хүүхдийн ордны тайзан дээр анх гарч тоглосноос хойш тооцвол Д.Өлзий-Орших энэ салбарт 40 жил ажиллаж байгаа аж. Тэрбээр 20 орчим дууныхаа онцгой эрхийг найздаа шилжүүлсэн бөгөөд өөрт үлдсэн “Чи над шиг дурлаж чадах уу?”, “Үгүйлэх сэтгэл” зэрэг хэдэн дуугаа үнэ тохирон худалдахад бэлэн байгаа ажээ.
Гэрэл зургийг "Гитарчин, ая зохиогч, продюсер Д.Өлзий-Орших" Facebook хуудаснаас.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







