Япон: 100 настай эмч ажлаа хийсээр байна
Японы Вакаяма мужийн Кайнан хотын нэгэн хувийн эмнэлгийн эмч Касамацү Тэрү 100 настай ч ажлаа ердийн горимоор хийсээр байгаа талаар Сингапурын “The Straits Times” сонин мэдээллээ. Энэ жил 100 нас хүрсэн Касамацү гуай 23 настайдаа буюу 1948 онд эхэлсэн эмчийн ажлаа өнгөрсөн хугацаанд тасралтгүй хийсэн бөгөөд өнөөдөр долоо хоногийн гурван өдөр үзлэг хийж, байнгын үйлчлүүлэгчдэдээ тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Нэгэн өвчтөндөө тэрбээр “Таны даралт өндөр байна. Дараагийн удаад ирэхдээ өвчтөний түүхээ авч ирээрэй” хэмээн хэлж буйг үзлэгийн өрөөнд нь байлцсан “The Straits Times”-ын сурвалжлагч эш татжээ. “Эмч хүнд өвчтөнийхөө үгийг нэгд нэггүй сонсох шиг чухал зүйл үгүй” хэмээн Касамацү эмч сурвалжлагчид ярьсан байна. 1909 онд анх байгуулагдсан уг эмнэлгийн захирлаар түүний хүү, өдгөө 68 настай Сатоши ажилладаг бол 61 настай бэр нь сувилахуйн тасгийн эрхлэгчээр ажилладаг гэнэ.
Касамацү гуай Вакаяма мужийн Кинокава хотод 1925 онд таван хүүхэдтэй айлын отгон нь болж төрсөн бөгөөд сургуульд байхад нь дайн ид өрнөж байсан тул эмч болохоор шийджээ. Эмэгтэйчүүд дайнд эр нөхрөө алдах нь түгээмэл байсан учраас, өөрийгөө авч явахын тулд эмч болохыг эмч аав нь түүнд зөвлөсөн байна. Охин эмч болохын тулд шаргуу суралцсаар 1948 онд сургуулиа дүүргэжээ. Улмаар 24 настайдаа эмч хүнтэй гэрлэсэн төдийгүй аавынхаа эмнэлгийг өвлөн авав. Тэд гурван хүүхдээ өсгөхийн сацуу эмнэлгээ ажиллуулж, зарим үед өдөртөө 120 өвчтөн хүлээж авдаг байжээ. “Би өвчтөнд үзлэг хийхээс эхлээд эм өгөх, бүр нягтлангаа хүртэл өөрөө хийдэг байсан" гэж тэрбээр ярьж байна. Эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо нэмэгдэж, тэдэнд хоол хийх тогооч хэрэгтэй болсонд тэрбээр энэ ажлыг ч өөрөө хийхээр шийдэн, 30 гарсан насандаа тогоочийн сургалтад сууж, мэргэжлийн зэрэг авсан гэнэ. Өвчтөнийг эмчлэхээр олон жил өдөр шөнөгүй ажиллахын хажуугаар тэрбээр өөрөө хорт хавдрын эмчилгээнд хүртэл явж байжээ. Урт насалсныхаа нууцыг тэрбээр хуваалцахдаа “Брокколи, бөөрөнхий байцай, бууцай сайн идэж бай. Ногоо сайн идвэл цусан дахь сахарын хэмжээ буурч, урт наслахын үндэс болно” хэмээн Касамацү гуай ярьсан байна.
Түүний нөхөр 2012 онд 91 настайдаа нас барсан бөгөөд Касамацү гуай өнөөдөр эмнэлгийнхээ дэргэд байдаг гэртээ ганцаараа суудаг аж. Тэрбээр таяггүй явдгаас гадна ой муудахаас сэргийлж өдөрт нэгээс хоёр цагийг, пазл буюу тоо эвлүүлдэг тоглоом тоглоход зарцуулдаг байна. Мөн төгөлдөр хуур тоглох дуртай тул 70 гарсан хойноо багшаар заалган тоглож сурсан гэнэ. Тэрбээр одоогоор эмчийн ажлаасаа тэтгэвэрт гарах бодолгүй байгаа аж. 2024 оны байдлаар Япон улсад 350 мянган эмч ажиллаж буйн 86 нь 98-аас дээш настай ажээ.
Гэрэл зураг: The Japan News/Asia News Network
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







