NHL: Оросын хоккейчин 136 сая долларын гэрээ байгуулж түүхэн дээд амжилт тогтоов
Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн (NHL) “Minnesota Wild” баг Оросын хоккейчин Кирилл Капризовтой 136 сая долларын гэрээ байгууллаа. Өчигдөр байгуулсан энэ гэрээ 2026/2027 оны улирал эхэлмэгц үйлчлэх бөгөөд найман жил үргэлжилнэ. Ингэснээр К.Капризов хоёр үзүүлэлтээр Үндэсний хоккейн лигийн дээд амжилтыг тогтоож байна. Юуны түрүүнд энэ нь түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй гэрээ бөгөөд өмнөх амжилтын эзэн Александр Овечкин 2018 онд “Washington Capitals” багтай 124 сая долларын гэрээ хийсэн нь 16 жил эвдэгдээгүй билээ. К.Капризовын жилийн дундаж цалин энэ гэрээгээр 17 сая доллар болж байгаа нь удаах дээд амжилт юм. Өмнө нь энэ амжилтыг 14 сая доллароор “Edmonton Oilers” багийн тамирчин Леон Драйзайтл эзэмшиж байжээ. Тэрбээр энэ гэрээг 2024 оны есдүгээр сард хийсэн бөгөөд цалингаа ирэх улирлаас буюу К.Капризовтой нэгэн зэрэг авч эхэлнэ. 28 настай К.Капризов одоогоор, 2021 онд хийсэн 9 сая долларын хуучин гэрээгээр тоглож байгаа юм. Түүний төлөөлөгч Пол Теофанос ийнхүү тоглогчийнхоо гэрээний үнийн дүнг хоёр дахин өсгөсөн нь түүхэнд байгаагүй үзүүлэлт ажээ.
Гэрэл зураг: Abbie Parr/AP Photo/ТАСС
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







