Их Британи: 7 тэрбум доллар луйвардсан хятад эмэгтэй хэргээ хүлээжээ

Их Британи: 7 тэрбум доллар луйвардсан хятад эмэгтэй хэргээ хүлээжээ


   Орчин үеийн түүхэн дэх хамгийн том луйврын хэргийн мөрдөн байцаалт Их Британид дуусахад ойртож буй талаар euronews.com өнөөдөр мэдээллээ. Учир нь гэвэл энэ хэргийн гол сэжигтэн Чжимин Цянь хэргээ хүлээсэн байна. Цагдаагийнхан 47 настай уг хятад эмэгтэйгээс 7 тэрбум долларын криптовалют хураан авснаар хэргийн мөрдөн байцаалт эхэлсэн бөгөөд энэ нь гэмт хэргийн замаар олж авсны улмаас хураагдсан хөрөнгийнхөө хувьд урьд өмнө гарч байгаагүй өндөр дүн юм. Улмаар Их Британи, Хятадын цагдаагийнхан уг хэргийг хамтран мөрдсөн долоон жилийн хөдөлмөрийн үр дүн энэ болж байна. Тэдний тогтоосноор Чжимин Цянь Хятадад 2014-2017 онд өргөн хэмжээний луйврын үйл ажиллагаа зохион байгуулж 128 мянган хүнийг хууран мэхэлжээ. Эдгээр хүмүүс түүний байгуулсан “Tianjin Lantian Gerui Electronic Technology” хэмээх компанид хөрөнгө оруулсан бөгөөд 300 хувийн ашиг өгнө хэмээн тэднээс авсан мөнгөө Чжимин Цянь биткоин болгон хувиргаж байсан гэнэ. Улмаар Их Британид очиж тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгүүдийг олноор худалдан авчээ. Энэ хэргийн хүрээнд түүний хамсаатан эмэгтэй 2024 онд зургаан жилийн хорих ял авсан бол хэргийн гол эзэнд удахгүй ял оноох аж. Дуулиант хэргийн төгсгөл ойртохын хэрээр, хэрэгтнээс хураасан хөрөнгийг хэрхэх асуудал маргаан дагуулж байгаа бөгөөд Их Британийн эрх баригчид уг хөрөнгийг улсдаа хураан авах сонирхолтой байгаа бол хэрэгтэнд залилуулсан Хятадын иргэд хохирлоо барагдуулж өгөхийг шаардсаар байгаа юм.          

Гэрэл зураг: Metropolitan Police.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.