Казахстан улс АНУ-аас 4 тэрбум долларын зүтгүүр, төмөр замын төхөөрөмж авах түүхэн гэрээ хийв
Казахстаны төрийн өмчит төмөр замын оператор "Казахстан Темир Жолы" компани Америкийн "Wabtec" компанитай 4.2 тэрбум долларын гэрээ байгуулж, шинэ зүтгүүр, төмөр замын тоног төхөөрөмж худалдан авахаар боллоо. Энэ нь "Wabtec" компанийн түүхэнд, зүтгүүр нийлүүлэх хамгийн том гэрээ болж байгаа бол Казахстаны хувьд төмөр замын сүлжээгээ шинэчлэх, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, Европ, Ази хоорондын ачаа тээврийн томоохон транзит төв болох томоохон стратегийнх нь нэг хэсэг юм. Гэрээ ёсоор Казахстаны эрс тэс уур амьсгал, уулархаг газар нутагт зориулсан дэвшилтэт технологи бүхий “Evolution Series” зүтгүүрүүдийг худалдан авах бөгөөд шинэ зүтгүүрээс гадна, одоо ашиглаж буй зүтгүүрүүдийн урт хугацааны засвар үйлчилгээг мөн нийлүүлэх аж. АНУ, Казахстаны албаны хүмүүс төдийгүй шинжээчид энэ гэрээг хоёр орны эдийн засгийн харилцааг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой хэмээн тэмдэглэж байна. Гэрээг үзэглэсний талаар ерөнхийлөгч Д.Трамп олон нийтийн сүлжээнд “Би Казахстаны эрхэм ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай маш элэгсэг дотноор уулзлаа. Тэд манай улсаас түүхэн дэх хамгийн том буюу 4 тэрбум долларын зүтгүүр, төмөр замын тоног төхөөрөмж худалдан авах гэрээнд гарын үсэг зуржээ. Ийм мундаг наймаа хийсэнд нь ерөнхийлөгч Токаевт баяр хүргэе!” хэмээн бичсэн юм.
Гэрэл зураг: www.railwaypro.com
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







