NASA агентлаг ирэх жил сар луу хүн илгээнэ
Америкийн NASA агентлаг ирэх жилийн эхэн гэхэд сар луу хүн илгээнэ гэдгээ өчигдөр зарлалаа. Хэрвээ амжиллтай болбол энэ нь саран дээр хүн буулгасан “Apollo” хөтөлбөр өндөрлөснөөс хойш 50 жилийн дараа гүйцэтгэж буй ижил төстэй нислэг болно хэмээн агентлагийн албан мэдээнд дурджээ. “Artemida 2” хэмээх энэ хөтөлбөрийг NASA сансрын өөр хоёр агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа аж. Хөтөлбөрийн зорилго нь саран дээр удаан хугацаагаар хүн байлгах бололцоог хангах төдийгүй Ангараг гараг руу хүн нисгэх ажилд бэлтгэх явдал ажээ. Хөтөлбөр ёсоор дөрвөн хүнтэй баг "Orion” хөлгөөр 10 хоногт багтаан сар луу нисээд буцаж ирнэ. Нислэг амжилттай болбол багийн гишүүн Кристина Күүк сар луу ниссэн дэлхийн анхны эмэгтэй хүн болох юм. Багийн бүрэлдэхүүнд түүнээс гадна Канадын иргэн Жэреми Хансен, Америкийн иргэн Виктор Гловер, хөлгийн дарга Рид Уайзман нар багтжээ. Задгай сансарт аль болох удаан, аюулгүй ажиллах бололцоог хангах зориулалт бүхий шинэ системийг "Orion” хөлөгт суурилуулсныг энэ нислэгийн явцад туршиж үзэхээр төлөвлөсөн байна. Энэ системийг NASA болон “Airbus” компани хамтран бүтээсэн юм. Мөн аяллын үед нисэгчдийн ажиллаж, амьдрахад шаардлагатай бүх зүйлийг багтаасан шинэ модулийг хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд уг модульд ус, хүчилтөрөгч, азот нөөцөлсөн савнууд, удирдлагын электрон систем, “Orion” хөлөгт шаардлагатай эрчим хүчийг үйлдвэрлэх нарны зай багтсан гэнэ.
Зураг дээр: Сар луу нисэх “Artemida 2" багийн гишүүд. Зургийн эх сурвалж: Kim Shiflett/NASA/AP
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







