Хятад: Баавгайн дайралтад өртсөн жирэмсэн бүсгүй хэрхэн амьд гарав?
Хятадад нэгэн жирэмсэн эмэгтэй баавгайн дайралтаас ухаан сийлж амьд үлдсэн тухай хэвлэлүүд мэдээлж байна. Энэ явдал тус улсын Хөхнуур мужийн нутагт болжээ. Тухайн үед эмэгтэй үхрээ хураагаад харьж автал гэнэт том хар баавгай гарч ирээд нүд ирмэхийн зуур түүн рүү дайрч, толгой дээрээс нь хазаж гэмтээснээс баруун нүд, зүүн чихнээс нь цус урссан байна. Харин эмэгтэй маш тайван байж, үхсэн мэт дүр үзүүлэн газарт хөдөлгөөнгүй хэвтжээ. Ингэхэд баавгай түүний гарын шуунаас зуурсан байснаа тавьж, хэсэг харж зогссоноо орхин одсон байна. Баавгайг явсны дараа босож ирэхэд түүний баруун нүд юм харахгүй болж, нүүр нь битүү хавдсан байсан ч хүчлэн алхсаар гэртээ иржээ. Бүсгүй хөдөө зэлүүд нутагт маллан амьдардаг байсан учир ойр орчинд эмнэлэг байсангүй. Гэртээ ирсэн хойно нөхөр нь машиндаа суулган 40 орчим цаг давхиж эмнэлэгт хүргэжээ. Эмчийн үзлэгээр эмэгтэйн толгой болон баруун нүд маш ихээр гэмтсэн, хүнд зэргийн гэмтэлтэй гэж оношлогдсон байна. Мөн тэрбээр 14 долоо хоногтой жирэмсэн байсан бөгөөд зургаан цаг үргэлжилсэн хүнд хагалгаанд орж, улмаар сэхээн амьдруулах тасагт шилжээд удалгүй эрүүл саруул болж эмнэлгээс гарчээ. Харин баруун нүд нь одоогоор хараа ороогүй байгаа аж. Нөхөр нь хөл хүнд эхнэрээ аймшигт араатны дайралтаас амьд үлдсэнд баяртай байгаа ч мэдээ алдуулалт, мэс засал, янз бүрийн эм тариа зэрэг нь ургийн хөгжилд нөлөөлж, ургийн гажиг, эмгэг үүсгэж болзошгүйд санаа зовж буйгаа хэлжээ. Засгийн газраас дэмжлэг үзүүлж түүний эмчилгээний зардалд 90 хувийн хөнгөлөлт үзүүлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







