Саудын Арабын нутгаас 12800 жилийн өмнө бүтээсэн хадны сүг зураг олдов

Саудын Арабын нутгаас 12800 жилийн өмнө бүтээсэн хадны сүг зураг олдов


   Саудын Арабын хойд нутгаас тэмээ, зээр гөрөөс зэрэг хөхтөн амьтдыг маш тодорхой дүрсэлсэн хадны сүг зураг олдсон нь эрдэмтдийн анхаарлыг татаж байна. “The Associated Press” агентлагийн мэдээлснээр, Саудын Арабын хойд нутгийн Нафудын цөл дэх ханан хаднаас тэмээ, зээр, илжиг зэрэг хөхтөн амьтдыг дүрсэлсэн бүрэн хэмжээний хадны зураг олджээ. Тэгш гадаргуутай хадан ханан дээр сийлсэн эдгээр амьтад биеийн бодит хэмжээгээр нь дүрсэлсэн мэт харьцангуй том, ойролцоогоор 1.8 метр урттай бөгөөд ойр орчмоос нь зургийг бүтээхэд ашигласан байж болох хурц үзүүртэй багажууд мөн олдсон гэнэ. Энэхүү сүг зургийг 12800-11400 жилийн өмнө бүтээсэн гэж үзэж байна. Энэ тухай “The New York Times“ сонин бичихдээ "Ойрх Дорнод болон дэлхийн хамгийн эртний, хамгийн том хэмжээтэй зэрлэг амьтдын дүрс" гэжээ. Судалгааны ажлыг удирдсан Германы Макс Планкийн нэрэмжит Дэлхийн антропологийн хүрээлэнгийн палеоантропологич, доктор Мария Гуанин уг олдворыг "Маш уран дүрсэлсэн. Үүнийг бүтээгчид мэргэжлийн гэмээр ур чадвартай урчууд байсан нь харагдана" гэжээ. Хамгийн сонирхолтой нь уг зургууд зөвхөн өдрийн тодорхой цагт л харагддаг. Өглөө нар мандсаны дараа гэрлийн өнцгийг нь тохируулбал 90 орчим минутын турш тодорхой харагдана. Дүрслэгдсэн амьтдын дунд XVII зууны үед устаж үгүй ​​болсон үхэр болон бизонуудын өвөг аюрокс (aurochs) байв. Олдворын талаарх дэлгэрэнгүй өгүүлэл олон улсын “Nature Communications” сэтгүүлийн өчигдрийн дугаарт нийтлэгджээ. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.