Өдөрт нэг удаа хооллодог доктор 20 насаар залуу харагддаг нууцаасаа хуваалцав

Өдөрт нэг удаа хооллодог доктор 20 насаар залуу харагддаг нууцаасаа хуваалцав


   Өдөрт нэг удаа хооллодог дэглэмээрээ алдаршсан Японы мэс заслын эмч Ёшинори Нагүмо саяхан залуухан, эрүүл чийрэг байж чаддаг нууцаа дэлгэжээ. Тэрбээр эдүгээ 70 настай боловч 50 настай мэт харагддагаа хатуу чанд хоолны дэглэмтэй холбон тайлбарлаж байна. Доктор Ё.Нагүмо саяхан Токиогийн FM радиогийн "Bizstar The Real Wellness" нэвтрүүлэгт оролцож, өнгөрсөн долоодугаар сард хэвлэгдсэн "Хорт хавдар болон хөгшрөлтөөс хэрхэн сэргийлэх вэ?" номоо танилцуулжээ. Тэрбээр хэлэхдээ "Миний зорилго бол хоолны дэглэм, амьдралын хэв маягаа зөв болгож, ингэснээр хорт хавдрын өвчлөлийг хоёр дахин бууруулах явдал юм" гэжээ. "Токио Жикей" их сургуулийн Анагаах ухааны сургуулийг төгссөн Ё.Нагүмо эдүгээ хөхний хорт хавдрын эмчээр ажиллаж байна. Тэрбээр 2012 онд "Өдөрт нэг удаа хооллох дэглэм” ном гаргаж Япон даяар алдаршсан бөгөөд ном нь хэвлэгдсэн даруйдаа 500 мянга гаруй хувь борлогдож бэстсэллер болсон байна.

   30 гаруй настай байхдаа түүний эрүүл мэнд ихээр муудаж урт удаан эмчилгээ хийлгэсэн бөгөөд түүнээс хойш өдөрт зөвхөн нэг удаа хооллох дэглэм барьж эхэлсэн байна. Өмнө нь архи ихээр ууж, тамхи их татдаг, биеийн жин нь 87 кг, бие нь үе үе өвддөг байсан тул өөрийгөө 50 хүрэхгүй байх гэж боддог байснаа тэрбээр дурссан байна. Өдөрт нэг удаа хооллохдоо будаа, шөл, хүнсний ногоо, жимс зэрэг хөнгөн чанарын хоол иддэг, энэ дэглэмээ арав гаруй жил хадгалж байгаа бөгөөд үүнийгээ "залуужуулах нууц" гэж тодорхойлжээ. Эцэст нь тэрбээр "Орчин үеийн хүний ​​нэг удаагийн хоол нь зуун жилийн өмнөх гурван удаагийн хоолтой тэнцэж байна. Учир нь хоолны орц, хэрэглээ хэтэрхий элбэг дэлбэг, заримдаа хэтийдсэн гэмээр хангалуун болсон” гэжээ. Улмаар өдөрт нэг удаа хооллох дэглэмийг 30-аас дээш насны эрэгтэйчүүд болон цэвэршилтийн дараах эмэгтэйчүүдэд тохиромжтой болохыг онцолсон байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.