Их Британийн ерөнхий сайд асан Тони Блэйр Газын зурвасыг илбэн тохинуулна

Их Британийн ерөнхий сайд асан Тони Блэйр Газын зурвасыг илбэн тохинуулна


   Их Британийн ерөнхий сайд асан Тони Блэйр Газын зурвасыг сэргээн босгох ажлыг хариуцах байгууллагын тэргүүнээр ажиллаж олон улсын улс төрд дахин оролцохоор болжээ. Ерөнхий сайдаар арван жил ажилласан, Умард Ирландын энх тайвны гэрээг баталгаажуулж, энхийн аргаар зуучлах ур чадвараараа хүлээн зөвшөөрөгдсөн түүнийг дайны дараах Газын зурвасын ирээдүй болон Ойрх Дорнод дахь дипломат харилцаанд шууд нөлөөлөх чухал алхам хийнэ хэмээн улс төрчид найдаж байна. Ерөнхий сайдын суудлаас буусныхаа дараа тэрбээр Ойрх Дорнодын талаарх дөрвөн талт хэлэлцээр (АНУ, Европын холбоо, Орос, НҮБ)-ийг ахалсан тусгай элчээр ажилласан юм. Улмаар 2007-2015 онд Палестины эдийн засаг, суурь институцийн шинэчлэлийг хариуцах зэргээр Ойрх Дорнодод найман жил ажилласан туршлага нь Газын зурвасыг сэргээн босгох ажилд дорвитой хувь нэмэр болно хэмээн шинжээчид үзэж байна. Гэхдээ Палестины тал түүний оролцоог эсэргүүцэж байгаа бөгөөд дөрвөн талт хэлэлцээрийг ахлахдаа Израилийн шаардлагыг биелүүлэхэд хэт анхаарч, палестинчуудын төлөө юу ч хийгээгүй хэмээн шүүмжилж байгаа юм. Мөн ХАМАС-ын удирдагчид түүнийг "Палестинд дургүй” гэж тодорхойлоод "Т.Блэйрийг томилсон нь сайны дохио биш" гэжээ. Гэсэн хэдий ч олон улсын хамтын нийгэмлэг Т.Блэйрийн эвийн хэлэлцээ хийх туршлага болон улс төрийн харилцаа холбоог ихээхэн чухалчилж байна. Түүний үүсгэн байгуулсан “The Tony Blair Global Change Institute” хүрээлэн Д.Трампын засаг захиргаа, Арабын Нэгдсэн Эмират улс зэрэг гол тоглогчидтой хамтран ажиллаж, Газын зурвасын дайны дараах сэргээн босголтын хувилбаруудыг аль хэдийнэ судалж эхэлсэн ажээ. Т.Блэйр Д.Трампын Ойрх Дорнодын энх тайвны төлөвлөгөөг "Зоригтой бөгөөд ухаалаг бодлого" хэмээн сайшаагаад, энэ нь Газын бүсэд илүү сайхан ирээдүйг бий болгохын зэрэгцээ Израилийн аюулгүй байдлыг хангах бололцоотой" хэмээн мэдэгджээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.