Өмнөд Солонгос: Ууланд төөрсөн эмээг гадаад ажилчин олжээ
Өнгөрсөн сарын 30-ны өдөр Өмнөд Солонгосын Канвон аймгийн Инжэ тосгоны иргэн 77 настай эмэгтэй ууланд гараад сураггүй алга болжээ. Мэдээллийг авсан даруйд цагдаа болон онцгой байдлын албаныхан эрэн хайсан боловч олдсонгүй. Харин алга болсноос нь хойш 24 цагийн дараа буюу 1-ний өдрийн 17 цагийн үед уг тосгонд найм дахь жилдээ ажиллаж, амьдарч буй Балба улсын иргэн Карел Вишал хэмээх залуу уг эмэгтэйг олсон байна. Тэрбээр үйлдвэрийн хашаан дотор ажлаа хийж байтал дэргэд нь байсан нохой уулын бэл рүү дахин дахин хуцаж буйг хараад хашаа давж уул өөд авирчээ. Гэтэл хадны нөмөрт нэгэн хүн сууж байгааг хараад очтол, алга болсон эмээ чичирч суусан бөгөөд балба залуу даруй түүнийг үүрч байрандаа авчирсан байна. Эмээ ихэд өлсөж цангасны дээр бие нь тавгүй байсан тул хооллож амраагаад 119 рүү залгаж мэдээлэл өгсөн байна. К.Вишал "Өндөр настай эмээ сураггүй алга болсон тухай мэдээ сонссон даруйд нутагт байгаа эмээ минь ихээр бодогдсон. Түүнийг олсондоо их баяртай байна” гэжээ. Эмээгийн ар гэрийнхэн ирж балба залууд талархал илэрхийлээд, хүний нутагт хүнд ажил эрхэлж яваа сайхан сэтгэлтэй залуугийн ачийг мартахгүй гэдгээ хэлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







