Мексик: Акулд бариулахаа шахсан эрдэмтэн азаар амьд гарчээ
Мексикийн далай судлаач эрдэмтэн судалгааныхаа ажлын үеэр акул буюу аварга загасны халдлагад өртөж толгойдоо маш хүнд гэмтэл авчээ. Амь насаа алдах дөхсөнийхөө дараа тэрбээр "Акулын буруу биш" хэмээн хошигносон байна. “New York Times” сонины мэдээлснээр, далай судлаач доктор Маурисио Хойос өнгөрсөн сарын 27-нд буюу далайд гарснаас хойш зургаа дахь өдрөө хууль бус загас агнуураас акулуудыг хамгаалах зорилгоор Коста Рикагийн эргээс 640 км-ийн зайд орших усан замд акулын нүүдлийг судалж байжээ. Ингээд 3-4 метрийн гүнд явахдаа 2,7 метр урт Галапагосын акултай таарч, сэрвээнд нь шошго бэхэлж амжсан байна. Гэтэл загас эргэн дайрч түүний толгойг үмхэж авахад гавлын яс нь бяцарч байх мэт чимээ сонсогдсон гэнэ. Энэ тухайд тэрбээр "Хоёрхон секундын дотор миний толгой бүхэлдээ акулын аманд орсон" гэжээ. Азаар акул тун удалгүй түүнийг орхиж оджээ. Гамшиг ингээд дууссангүй. Усны хувцас нь акулын шүдэнд урагдаж, усаар дүүрчээ. Усанд амьсгал давчдаж, толгойноос нь цус урссаар байсан ч тэрбээр хүчлэн сэлсээр далайн мандал дээр гарч ирэхэд хамтрагчид нь түүнийг завин дээрээс татан авч даруй ойролцоох арал руу очсон байна. Одоо тэрбээр Коста Рикагийн Сан-Хосе хотын нэгэн эмнэлэгт хагалгаанд орохоор хүлээж байна. Толгой болон нүүрэнд нь 27 удаа оёдол тавьжээ. Тэрбээр "Бүх зүйл хормын дотор болж өнгөрсөн. Харин би аль болох тайван байж, юу хийхээ сайтар бодсон нь тус болсон” гэжээ. Мэргэжлээрээ 30 жил ажилласан түүний хувьд акултай тулалдсан анхны тохиолдол нь энэ болсон бөгөөд "Акул орон зайгаа хамгаалсан хэрэг. Над руу дайрсан нь түүний буруу биш” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







