Өмнөд Солонгосын парламентын дарга үйлдвэрлэлийн ослоор гараа алдсан монгол залуутай уулзсан талаараа юу гэж өгүүлэв?

Өмнөд Солонгосын парламентын дарга үйлдвэрлэлийн ослоор гараа алдсан монгол залуутай уулзсан талаараа юу гэж өгүүлэв?


   БНСУ-ын Үндэсний ассамблей буюу парламентын дарга Ву Вон Шик үйлдвэрлэлийн ослоор хоёр гараа алдсан монгол ажилчинтай өчигдөр гэрт нь очиж уулзлаа. 37 настай Монголын иргэн 2019 оны 12 дугаар сард ажлаа хийж байгаад цахилгаанд цохиулсны улмаас эмнэлэгт яаралтай хүргэгдэж мэс засалд орон хоёр гараа тайруулжээ. Шүүх түүний ажиллаж байсан компанийг тухайн үед цахилгаан таслаагүй буруутай хэмээн үзэж монгол ажилчинд нөхөн төлбөр олгуулахаар шийдвэрлэсэн ч компани төлөхөөс татгалзсан байна. Уулзалтын үеэр Ву Вон Шик “Энэ бол нэг хүнд тохиолдсон золгүй явдал төдий биш, харин гадаад ажилчдад нийтлэг тулгарч буй бэрхшээл. Парламент энэ явдалд хариуцлага хүлээж, үйлдвэрлэлийн осолд өртсөн хүмүүст нөхөн олговор заавал олгох, гадаад ажилчдын тогтвортой оршин суух эрхийг хангахад анхаарна” хэмээн хэлсэн байна. Уулзалтын талаар тэрбээр X (хуучнаар “Twitter) хуудсандаа ийн бичжээ.

   "Аавыгаа гаргүй болсон гэж бодохоор үнэхээр аймаар байна!" Бага сургуулийн нэгдүгээр ангийн охины хэлсэн энэ үгэнд миний сэтгэл өмөрсөн. Хариуцлагагүй компани 500 мянган вон хэмнэх гэснээс болж хоёр гараа алдсан монгол залуу Ууганаатай миний бие өнөөдөр очиж уулзлаа. 2019 оны 12 дугаар сард тус компани цахилгааны шон холбох ажил хийхдээ зардал хэмнэх үүднээс цахилгаанаа салгалгүйгээр хүмүүсээ ажиллуулсан байна. Үүнээс болж ажилчин залуу тогонд цохиулж хоёр гаргүй болжээ. Мөн нэг талын ташаа нь хүнд гэмтэж, одоо ч эмчлүүлсээр байна. Тэрбээр 210 сая воны хохирол төлүүлэхээр шүүхэд хандсан ч компани одоо хүртэл төлөхөөс зайлсхийсээр байгаа юм байна. Ууганаа тэднээс "Намайг гадаад хүн болохоор ингэж байгаа хэрэг үү?" гэж хүртэл асууж үзжээ.

   Үндэсний ассамблейн даргын хувьд, бас БНСУ-ын иргэний хувьд би энэ явдалд маш их харамссан. Иймээс намрын Ургацын баяраас өмнө тэр залуугаас уучлал гуйж, зовлонг нь хуваалцахаар шийдэн Чонжү хотод байх гэрт нь зорьж очсон юм. Чонжү хотын хууль тогтоогч Ли Кван Хи, Ли Ен Хи нар болон Хойд Чунчон мужийн дэд захирагч надтай хамт очлоо.   

   Осол болсны дараа ээж нь Монголоос ирж хүүгээ асарч байгаа ажээ. Мөн эхнэр нь нөхрөө сайн асарч байна. Хохирогч залуутай ярилцахад эхнэрийн хамтаар надад учир байдлаа ярьж, нулимс дуслуулсаар байв. Ослын дараа тэрбээр арван удаа хагалгаанд орсон бөгөөд одоо долоо хоногт хоёр удаа Сөүл хотын “Ханган Гэгээн Мариа” эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа юм байна. Гэр бүлийнхнийх нь визний асуудал шийдэгдээгүй байгаа нь ихээхэн төвөгтэй байгаа аж. Түүний эхнэр мөн хууль бус ажилчин, эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй.

   Түүнийг үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийн даатгалд хамруулсан ч даатгалын бус эмчилгээ, эмнэлгийн төлбөр зэргээс болж ихээхэн бэрхшээлтэй тулгарч байгааг хараад үнэхээр сэтгэл эмзэглэв. Эдгээр асуудлыг миний бие холбогдох байгууллагуудтай ярилцаж, ямар нэг гарц, шийдэл олох болно. Салахдаа би хоёр гаргүй болсон залууг тэвэрч Солонгосын Ургацын баярыг сайхан тэмдэглэж өнгөрүүлэхийг хүсэв. Тэрбээр сэтгэл гарган зорьж ирж уулзсанд маш их баярлаж байгаагаа илэрхийлээд, яралзтал инээмсэглэхэд сэтгэл минь жаахан хөнгөрөх шиг боллоо. Түүнийг тэврэх үед мэдрэгдсэн дулаан одоо ч миний сэтгэлийг бүлээцүүлсээр байна”.

Гэрэл зургийг Ву Вон Шикийн X хуудаснаас авав.

Уулзалтын үеэр Ву Вон Шик монгол залууг халуун дотноор тэвэрчээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.