Салалтаа зарласан Н.Кидман, К.Урбан нар хэчнээн сая долларын хөрөнгө хуваах вэ?
Холливүүдийн алдарт жүжигчин Николь Кидман 19 жил ханилсан нөхөр Кит Урбанаас салж байгаагаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ. Тэд 2005 онд танилцаж дараа жил нь гэрлэсэн бөгөөд дундаасаа хоёр охин төрүүлсний том нь өнөөдөр 17 настай юм. Өдгөө 58 настай Н.Кидманы хөрөнгийг 250 сая шахам доллар гэж үздэг. Эхнэр, нөхөр хоёр салснаар хуваах хөрөнгө, тэр дундаа үл хөдлөх хөрөнгө нь юу болох талаар дэлхийн хэвлэлүүд ойрын өдрүүдэд идэвхтэй бичиж байна. Хөрөнгөө тэд хэрхэн хуваахаар анхнаасаа гэрээ хийсэн талаар одоогоор тодорхой зүйл үгүй байгаа ч дундын үл хөдлөх хөрөнгө нь ойролцоогоор 36 сая долларын үнэтэй ажээ. Н.Кидманы өнөөдөр хоёр охинтойгоо амьдарч буй АНУ-ын Теннэси мужийн Нэшвилл хот дахь байшинг эхнэр, нөхөр хоёр 2008 онд 3.5 сая доллароор авч байв. Уг байшин газрын теннисний талбай, гадаа бассейн, унтлагын долоон өрөө, угаалгын 10 өрөө, гэрийн кинотеатртай. Н.Кидман, К.Урбан нар мөн төрсөн нутаг Австралидаа эхлээд 6.5 сая доллароор томоохон ферм, улмаар нийслэл Сиднэй хотод 4 сая доллароор пентхаус худалдан авсан байдаг. Тэд бас Лос-Анжелес хотын Бэверли хиллз дүүрэгт 4.7 сая долларын байшинтай бол Нью-Йоркийн Манхэттэнд 10 сая долларын тансаг зэрэглэлийн орон сууцтай. 2020 онд тэднийх мөн Нью-Йорк хотын баячуудын Трайбэк дүүрэгт 3,5 сая доллароор байр авч байжээ. Н.Кидман өнгөрсөн зургаадугаар сард Португал улсад оршин суух зөвшөөрөл хүсэхийн зэрэгцээ Лиссабон хотод байр авсан нь хэвлэлээр гарч байв.
Хэвлэлийн мэдээнд гарч буй нэг сонирхолтой зүйл нь К.Урбан Н.Кидманаас салахдаа 10 сая доллар авч магадгүй байгаа аж. Учир нь 2006 онд байгуулсан тэдний гэрлэлтийн гэрээнд орсон нэгэн заалт ийм бололцоог олгож байгаа ажээ. Уг заалтаар бол К.Урбан гэрлэснээс хойш огт архи уухгүй, хориотой бодис хэрэглэхгүй бол эхнэрээсээ жил бүр 600 мянган доллар авахаар тохирсон байна. Харин нэг л удаа архи уувал энэ мөнгийг авахгүй гэсэн үг. Энэ мөнгийг 19 жилээр үржүүлэхэд 10 гаруй сая доллар болж байгаа юм. Мөн К.Урбан эхнэрээ араар нь тавьснаас болж гэр бүл салбал тэрбээр мөн олон сая доллар авах эрхээ алдах ажээ. Түүнийг хөгжмийн салбарт нэртэй нэгэн бүсгүйтэй холбоотой болсон гэх мэдээ хэвлэлд сүүлийн үед нэлээд гарах болсон юм.
Зураг дээр: Н.Кидман, К.Урбан нар 2017 оны Каннын наадам дээр. Гэрэл зургийн эх сурвалж: Thibault Camus / AP
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







