Япон: Сүмо бөхийн холбооны 100 жилийн ойд зориулсан барилдаан болно
Японы орчин үеийн сүмо, Сүмо бөхийн холбооны 100 жилийн ойд зориулсан барилдаан Токио хотын “Рёгокү Кёкүгикан” ордонд маргааш болно. “100 жилийн ойн барилдаан-Уламжлалт ба орчин үеийн сүмо” хэмээх энэ арга хэмжээний тасалбар худалдаанд гарсан өдрөө дууссан бөгөөд ABEMA интернэт телевизээр шууд дамжуулан үзүүлэх аж. Сүмо бөхийн холбоо байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд Японд зохион байгуулж буй олон хөтөлбөрийн нэг болох энэ арга хэмжээн дээр юуны түрүүнд “эртний сүмо” буюу 794-1185 оны хооронд үргэлжилсэн Хэйаны үеийн хааны ордонд зохиодог байсан сүмо бөхийн барилдааныг үзүүлэх гэнэ. Энэ барилдаан тухайн үед нийтэд хүртээлгүй, ургац сайн авахын тулд тэнгэр бурхныг тахих зориулалт бүхий шашин, соёлын зан үйл байжээ. Улмаар Хоошёорюү, Ооносато хоёр ёкозүна дэвжээний болон бусад хэд хэдэн тусгай ёслолыг үйлдэх аж. Мөн орчин үеийн сүмогийн барилдаан, хүүхдийн барилдаан, бүгакү хэмээх эртний уламжлалт хөгжим, бүжгийн үзүүлбэр, шагнал гардуулах ёслол, ёкозүнагийн мэндчилгээ зэрэг олон үйл явдал энэ үеэр болох ажээ.
Токиогийн сүмогийн холбоо, Осакагийн сүмогийн холбоо нэгдсэнээр Бүх Японы сүмо бөхийн холбоо 1925 оны 12 дугаар сарын 28-нд байгуулагдсан түүхтэй. Улмаар өмнө нь жилд хоёр удаа болдог байсан башёг дөрөв болгон тогтмолжуулсан бөгөөд 1958 оноос эхлэн жилд зургаан удаа, нэг удаад нь 15 өдрөөр зохион байгуулдаг болсон нь өнөөг хүртэл үргэлжилж байгаа билээ. Бөхчүүд, шүүгч, засуул, үсчин зэрэг 1000 гаруй хүн харьяалагддаг тус холбооны ерөнхийлөгчөөр 1980-90-ээд онд мэргэжлийн сүмоч байсан Хокүтоүми Нобүёоши дөрөв дэх удаагаа томилогдон ажиллаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







