НҮБ Афганистаны Гадаад хэргийн сайдад тавьсан айлчлалын хоригоо түр цуцлав

НҮБ Афганистаны Гадаад хэргийн сайдад тавьсан айлчлалын хоригоо түр цуцлав


   НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Афганистаны эрх баригч Талибаны Засгийн газрын Гадаад хэргийн сайдад тавьсан хоригийг түр хугацаагаар цуцалснаар энэ сарын 9-16-ны өдрүүдэд Энэтхэгт улсад айлчлах бололцоо олголоо. Ийнхүү Афганистанд 20 жил байсан Америкийн цэрэг тус улсаас гарсан 2021 онд талибанууд засгийн эрх авснаас хойш Засгийн газрын өндөр дээд албан тушаалтан анх удаа Энэтхэгт айлчлах болж байна. Талибанчууд засгийн эрхэнд гарахаас өмнө Дели, Кабул хоёр уламжлалт найрсаг харилцаагаа хадгалсаар ирсэн юм. Талибаны Засгийн газрын Гадаад хэргийн сайд Амир Хан Муттаки болон бусад өндөр албан тушаалтнууд өнгөрсөн хугацаанд НҮБ-ын хэд хэдэн хоригт ороод байсан бөгөөд энэ хоригийг түр цуцалсан нь дипломат харилцааг сайжруулах зорилготой хэмээн “Reuters” агентлаг мэдээлжээ.

   Энэтхэгийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр, Дели Афганистаны эрх баригчидтай холбоо тогтоогоод байгаа төдийгүй өнгөрөгч наймдугаар сарын 31-нд тус улсад болсон гамшигт газар хөдлөлтийн уршгийг арилгахад тусламж үзүүлсэн байна. Гэхдээ Амир Хан Муттаки Делид яг хэдний өдөр очих талаар тус яам тодорхой зүйл мэдээлсэнгүй. Айлчлалын үеэр талууд хамтын ажиллагаа, худалдаа, тэр дундаа хатаасан жимсний экспорт, эрүүл мэндийн салбарын тусламж, консулын үйлчилгээний асуудлыг хэлэлцэнэ гэдгийг Талибаны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Зиа Ахмад Такаль нотолсон боловч айлчлалын товыг мөн л зарлаагүй байна. Амир Хан Муттаки Шинэ Делид очихоосоо өмнө ОХУ-д айлчлах бөгөөд Хятад, Иран, Пакистан, Энэтхэг болон Дундад Азийн орнуудын төлөөлөгчидтэй уулзаж, Афганистаны өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэх ажээ.

   “Reuters” агентлагт Төв Азийн улс төрийн шинжээч Хэкматулла Хэкматын хэлснээр, Гадаад хэргийн сайдынх нь Энэтхэгт хийх айлчлал талибанчуудын хувьд өндөр ач холбогдолтой юм. Афганистаны хувьд бүс нутгийн, тэр дундаа хөрш орнуудтайгаа харилцаа тогтоох явдал нэн шаардлагатай байгаа бөгөөд тэдгээр оронтой улс төр, эдийн засаг, худалдааны холбоотой болох нь өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхэд амин чухал ажээ. Талибаны Засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн хуруу дарам цөөн улсын нэг нь ОХУ юм. Энэтхэг улс Кабул дахь ЭСЯ-аа 2021 онд хаасан боловч хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор дараа жил нь төлөөлөгчийн газар нээсэн билээ.       

Зураг дээр:  Амир Хан Муттаки Кабулд хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр. 2021.09.14. Гэрэл зургийн эх сурвалж: REUTERS/Stringer


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.