Парагвай: 600 хос нэг өдөр хуримлав

Парагвай: 600 хос нэг өдөр хуримлав


   Өмнөд Америкийн Парагвай улсад 600 хос нэгэн зэрэг хуримлажээ. Олон мянган хүн зул өргөж, тэмдэглэсэн энэ нүсэр ёслол нь гэрлэлтийг дэмжих Засгийн газрын санаачилгын нэг ажээ. “Associated Press” агентлагийн мэдээлснээр, хуримын ёслол нийслэл Асунсьон хотын Үндэсний спортын төв талбайд болсон бөгөөд хосууд энэ үеэр гэрлэлтийн батламжаа гардан авчээ. Зарим хос хүүхдээ дагуулан ирсэн бөгөөд шашны зүтгэлтнүүд ч хүрэлцэн ирж, шинээр гэрлэж буй залууст ерөөл өргөсөн байна. Уг арга хэмжээ нь Засгийн газрын санаачилсан "Хайраар нэгдэж, хуулиар хамгаалуулна” (Unidos por el amor y protegidos por la ley) кампанит ажлын нэг хэсэг бөгөөд энэ нь санхүүгийн дарамт, элдэв дүрэм журмаас үүдэн хуримын ёслолоо хойшлуулсаар ирсэн залуусын эрх зүйн байдлыг баталгаажуулах зорилготой болохыг албаны хүн онцолсон байна. Гэрлэлтээ албан ёсоор баталгаажуулснаар залуу гэр бүлүүд нийгмийн даатгал, тэтгэвэр, өв залгамжлал зэрэг хууль ёсны эрхээ эдлэх боломжтой болж байна. Тус улс сүүлийн жилүүдэд залуусыг гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болохыг идэвхтэй уриалж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт хилийн бүсийн Сьюдад-дель Эсте хотод 120 хос мөн нэгэн зэрэг хуримаа хийсэн бол энэ оны эхээр Бокерон мужийн уугуул иргэдийн хуримын ёслолыг мужийн захиргаанаас үнэ төлбөргүй хийж өгчээ. Дэлхийн банкны мэдээлснээр, Парагвайд төрөлтийн түвшин 2023 оны байдлаар 2.40 байгаа нь харьцангуй өндөр үзүүлэлт юм. Дээрх ёслолын талаар тус улсын дэд ерөнхийлөгч Педро Аяна "Энэ төсөл нь бүх парагвайчуудын гэр бүл зохиох эрхийг баталгаажуулж буй хэрэг" гэжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.