Мотоцикль унаж, бөмбөр тоглодог бүсгүй Японы анхны эмэгтэй ерөнхий сайд болов

Мотоцикль унаж, бөмбөр тоглодог бүсгүй Японы анхны эмэгтэй ерөнхий сайд болов


   Японы Эдийн засаг, аюулгүй байдлын сайд асан Такаичи Санаэ тус улсын түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхий сайдаар томилогдох нь тодорхой боллоо. "Төмөр хатагтай" гэгдэх Маргарет Тэтчерийг үлгэр дуурайл болгож ирсэн тэрбээр өнгөрсөн онд болсон Либерал ардчилсан намын даргын сонгуульд одоогийн ерөнхий сайд Шигэрү Ишибад ялагдсан юм. Японы хэвлэлүүд түүний улс төрийн карьерыг "Улс төрийн замыг ганцаараа чимээгүйхэн туулсан хатуу үзэлтэй консерватив" гэж тодорхойлсон байна. 1961 онд төрсөн Т.Санаэ Нара мужаас гаралтай, аав нь компанийн ажилтан, ээж нь цагдаагийн албан хаагч байжээ. Ээж нь түүнд “Улаан сарнай шиг гэрэлтэж бай” гэж үргэлж захидаг байсан бөгөөд энэ нь эмэгтэй хүн ​​сэтгэл татам байдлаа ямагт хадгалж, харин зүй бус, буруу зүйлд өргөс мэт хатуу байх ёстой гэсэн санаа байжээ. Тэрбээр залуу насандаа Z400GP мотоцикль унах дуртай, мөн оюутан байхдаа хүнд металл хамтлагт бөмбөр тоглодог байв. Багад нь төгөлдөр хуур зааж байсан багшийнхаа нөлөөгөөр хүнд рок хөгжимд дуртай болсон гэдэг. Кобэ их сургуулийг төгссөн Т.Санаэ 24 настайдаа улс төрч болохыг эрмэлзэж, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд ажиллаж үзсэн байна. Японд буцаж ирээд телевизийн хөтлөгчөөр хэсэг зуур ажилласан бөгөөд X JAPAN хамтлаг болон Японы мэргэжлийн бэйсболын “Hanshin Tigers” багийн шүтэн бишрэгч байжээ. 1993 оны Японы Төлөөлөгчдийн танхимын сонгуульд бие даан нэр дэвшиж сонгогдсон бөгөөд тухайн үед түүний ялалт байгуулсан багийн анд нь хожмын ерөнхий сайд Абэ Шинзо байв. 1996 онд тэрбээр Либерал ардчилсан намд элсэж, Абэгийн фракцын гишүүн гэгдэх болсон байна.

   2006 онд Абэ Шинзо ерөнхий сайд болоход тэрбээр Окинава болон Умардын асуудал эрхэлсэн сайд болж, удалгүй Дотоод хэрэг, харилцаа холбооны сайд, Бодлогын судалгааны зөвлөлийн даргаар ажилласан байна. Намын даргын сонгуульд оролцохдоо Такаичи Санаэ инфляцийг бууруулж, Япон-АНУ-ын эвсэлд суурилсан Энэтхэг-Номхон далайн дэг журмыг тэргүүнд тавихаа амлаж, Японы арлуудыг цэцэглүүлэн хөгжүүлж хойч үедээ өвлүүлэн үлдээнэ гэдгээ онцолж байсан юм.  


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.