Израиль: Чөлөөнд гарсан генерал хүүгийнхээ гэр бүлийг алан хядагчдаас хэрхэн аврав?

Израиль: Чөлөөнд гарсан генерал хүүгийнхээ гэр бүлийг алан хядагчдаас хэрхэн аврав?


   2023 оны аравдугаар сарын 7-ны өглөө Израилийн Батлан ​​хамгаалах хүчний (IDF) Агаарын десантын дивизийн командлагч, 61 настай чөлөөнд гарсан хошууч генерал Тибоне Ноам эхнэрийнхээ хамтаар Тель-Авивын эрэгт усанд сэлж, амарч байв. Энэ үед пуужингийн довтолгооны дуут дохио дуугарахад тэрбээр төдийлөн ойшоосонгүй. Гэвч дуут дохио үргэлжилсээр байлаа. Удалгүй түүн рүү Нахал Оз сууринд амьдардаг хүү нь утасдаж, "Аав аа, алан хядагчид гадаа ирээд байна" гэсэн бөгөөд эхнэр, хоёр охин нь хүүхдийн өрөөнд нуугдаж байгаа тухай дуулгажээ. Хүү Амир нь өдөр тутмын Haaretz сонины сэтгүүлч хийдэг байжээ. Нахал Оз нь Газын зурвасаас хэдхэн зуун метрийн зайд байрладаг суурин юм. Амир өглөөний 6:00 цагийн үед пуужин хөөрөх чимээ сонсоод  эхнэр болон охидоо гэрийнхээ дотор, тусгай зориулалтын бетон хийцээр барьсан хамгаалалтын байранд нуусан байна. Удалгүй 7:15 цагийн орчимд гэрийнх нь гадаа алан хядагчид арабаар ярьж, буудаж буй нь сонсдож эхлэв. Амир ажлын газар луугаа утасдсан боловч түүнд туслах найдвар харагдсангүй, хаа сайгүй бужигнаан самуун үүсэн тухай дуулжээ.

   Ийм аймшигт мэдээ сонссон генерал Т.Ноам даруй гэртээ ирж, гар буугаар зэвсэглээд буцаж гарсан байна. Тель-Авиваас хүүгийнх нь гэр хүртэл ойролцоогоор 80 километр, эхнэр нь жолоо барьж байх хооронд тэрбээр цэргийн нөхөд рүүгээ утасдаж хүүгээ аврахыг гуйсаар байв. Гэсэн хэдий ч ХАМАС-ын дайралтад нэрвэгдсэн тэр самуун цагт түүнд туслах хүн олдсонгүй, өөртөө итгэхээс өөр замгүй гэдгийг зөнгөөрөө мэдэрч байв. Ингээд яаравчлан давхиж явтал зам хаагдсан байв. Эхний шалган нэвтрүүлэх цэг дээрээс буцаад өөр замаар явж байтал хоёр дахь шалган нэвтрүүлэх цэг дээр түүнийг дахин саатуулсан тул "Үр хүүхэд, ач зээ нар минь аюулд өртөөд байна. Би тэднийгээ аврах ёстой. Намайг буудвал буудаарай” гэж хэлээд хаалтыг дайран гарч оджээ. Замд нь террористуудын гарт амиа алдсан хүмүүсийн цогцос хөглөрч байлаа.

   Тэр өглөө бол Новагийн хөгжмийн наадам дээрх залуус руу ХАМАС бүлэглэл террорист халдлага үйлдэж, 260 хүний ​​амийг авч одсон хар өдөр байсан юм. Зэвсэгт халдлагаас арай ядан амьд гарсан залуу хос замд нь тааралдаж тусламж гуйхад тэднийг аюулгүй газар хүргээд замаа хөөжээ. Давхисаар хүүгийнхээ гэрээс километр орчим зайд ирээд байтал мөн дайсны дайралтад өртөж хэвлийдээ бууны шарх авсан израиль цэрэг тааралдахад хэчнээн яарч явсан ч дөнгөж 18 настай гэх, хүүгээс нь ялгаагүй тэр цэрэгт анхан шатны тусламж үзүүлж аюулгүй газар хүргээд замаа хөөжээ. Энэ тухайгаа “Тэр цэрэг бас л хэн нэгний хүү байж таарна. Түүний амийг аварсандаа би одоо болтол өөрөөрөө бахархдаг” гэжээ. Замдаа IDF-ийн цэргүүдтэй тааралдаж, тэдэнтэй нэгдэн дайсны эсрэг тулаанд орж, зарим дайралтыг няцааж чадлаа.

   Энэ хооронд түүний хүү Амир, бэр Мириам нар нь хэдэн цаг хоргодох байранд нуугдаж суухад гадаа нь ХАМАС-ын алан хядагчдын хэрцгий дуу хадаж, буун дуу тасрахгүй байв. Бага нь дөнгөж нэг ойтой, том нь гурван настай хоёр охиндоо учирлан "Бид нар чимээгүй байж чадвал өвөө нь удахгүй ирж аварна” гэдэг үгийг хэдэнтээ давтан хэлж, юу болохыг хүлээсээр байжээ. Үдээс хойш 16:00 цагийн орчимд генерал Т.Ноам хүүгийнхээ гэрийн гадаа очив. Ингээд зөв тактик боловсруулж тэнд байсан хэд хэдэн алан хядагчийг амжилттай устгаж дотогш орсон байна. Өвөөгийнхөө дууг сонссон ач охин Галиа Өвөө ирлээ” хэмээн баяртайгаар хашгирсан тухай тэрбээр хожим дурсжээ. Чөлөөнд гарсан хошууч генерал Тибон Ноам эр зориг, авхаалж самбаа гарган хүүгийнхээ гэр бүлийг аварсан энэ явдлын тухай "60 минут" нэртэй нэвтрүүлэг Израилийн CBS телевизээр гарсан нь олны талархал хүлээж байна. Улмаар энэ явдлын тухай "Бидний хоорондох зам” нэртэй баримтат кино гарч өнгөрсөн сард Торонтогийн олон улсын кино наадмаас (TIFF) үзэгчдийн нэрэмжит шагнал хүртжээ. Киноны найруулагч Барри Аврич Jerusalem Post сонинд өгсөн ярилцлагадаа "Энэ баатарлаг үйл явдлыг хүмүүст хүргэхийг хүссэн. Би бас аав хүн. Тэр өглөө хүүгээсээ тийм дуудлага хүлээж авсан бол би яах байсан бэ? гэж өөрөөсөө олон дахин асуусан” гэжээ. Улмаар генерал Т.Ноам хүүгээ аврахаар ухаан жолоогүй давхиж явах замдаа аюулд орсон хүмүүсийн амийг аварсныг бахархан дурсаж, "Би ингэж чадах байсан уу?” гэж өөрөөсөө байнга асуудаг тухайгаа өгүүлсэн байна. Уг баримтат кино өнгөрсөн 3-ны өдрөөс эхлэн Америкийн бүх кино театруудад гарч эхлээд байна.

Нүүр зураг: Хошууч генерал Т.Ноам болон түүний эхнэр Гали нар CBS телевизийн "60 минут" нэвтрүүлэгт ярилцлага өгч буй нь


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.