В.Путины төрсөн өдрөөр хэн ямар бэлэг өгч байв?
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр 73 нас хүрсэн билээ. Тэгвэл өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд төрсөн өдрөөрөө түүний авч байсан зарим сонирхолтой бэлгийн талаар Кремлийн албан ёсны сурвалжлагч Александр Юнашев бичжээ. Одоогоос 23 жилийн өмнө буюу 50 насны ойгоор нь Молдавын ерөнхийлөгч Владимир Воронин түүнд байгалийн болроор хийсэн матар бэлэглэж байсан гэнэ. Мөн тэр жил бэлгэнд “Путины тухай 100 онигоо” гэдэг ном ирсэн бол 55 хүрэхэд нь гэрийнхэн нь түүнд костюм бэлэглэж байжээ. Гэхдээ түүний авч байсан олон бэлгийн дотроос хамгийн өвөрмөц нь барын зулзага байв. Уссурийн барын хоёр сартай зулзага 2008 онд бэлгэнд ирснийг Ново-Огарево дахь ерөнхийлөгчийн өргөөнд байлгаж байгаад Краснодар мужийн Геленжикийн амьтны хүрээлэнд шилжүүлэн өгчээ. 2010 онд Москвагийн их сургуулийн оюутнууд В.Путинд эротик зурагтай ханын хуанли өгч байв. Хуанлийн хуудас бүр унтлагын хувцастай охидын зурагтай бөгөөд В.Путинд зориулан “Хүүхнүүд ийм л эрийг хүсдэг”, “Гашуун байна, халуун байна” гэхчлэн бичсэн байжээ. 2017 онд тухайн үеийн Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони В.Путинд хөнжил бэлэглэсэн гэнэ. Уг хөнжил Москвагийн Улаан талбай дахь Василий Блаженныйн цогчин дуган, Ромын Колизэй театрын дэвсгэр дээр хоёр улс төрчийн хөргийг дүрсэлсэн хатгамалтай байв. Мөн тэр жил Туркменистаны ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов Дундад Азийн хоньч буюу алабай үүлдрийн нохой бэлэглэжээ. А.Юнашевын бичсэнээр, В.Путины авсан хамгийн “хүнд жингийн” бэлэг нь 2022 онд Александр Лукашенкогийн өгсөн “Беларус” трактор байв.
В.Путин өчигдөр ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүдтэй зөвлөгөөн хийхээс гадна гадаадын хэд хэдэн орны төрийн тэргүүнтэй утсаар ярьсан байна. Туслах Ф.Ушаковынх нь хэлснээр, В.Путинд хэд хэдэн орны төрийн тэргүүн, тэр дундаа БНХАУ, Хойд Солонгосын удирдагчид баярын цахилгаан ирүүлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







