Нобелийн шагнал авснаа хэд хоногийн дараа мэдэв
2025 оны физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагнал хүртсэн Америкийн дархлаа судлаач Фрэд Рамсделлтэй холбоо тогтоох боломжгүй, шагнал хүртсэнийг нь дуулгаж чадахгүй хэд хонож байгаа талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл Нобелийн шагналын хороо өчигдөр түүнтэй холбоо барьж, баярт мэдээг дуулгасан байна. Ф.Рамсделл эхнэр Лаура О'Нил болон хоёр нохойн хамтаар АНУ-ын Айдахо, Вайоминг, Монтана мужийн уулархаг нутгаар явган аялал хийж байгаа аж. Аялж, амрах үедээ тэрбээр утсаа унтраадаг зуршилтай гэнэ. Нобелийн шагнал хүртсэнээ сонссон тухайгаа тэрбээр “Ууланд явж байгаад бууж иртэл эхнэр маань гэнэт хашгирав. Баавгай гараад ирж дээ л гэж бодлоо. Гэтэл "Чи Нобелийн шагнал хүртжээ" гэсэн” хэмээн ярьжээ. Тэрбээр 8-ны өдрийн орой Монтана мужийн нэгэн амралтын газарт иртэл утасны сүлжээ орж, эхнэрийнх нь утсанд ар араасаа мессэж ирсэн байна. Нөхөр нь Нобелийн шагнал авсныг дуулгаж баяр хүргэсэн 200 гаруй мессэж эхнэрт нь ирсэн бол өөрийнх нь утсанд уншиж барахгүй олон мессэж, мөн төдий тооны дуудлага ирсэн байв. Дархлааны өвчнийг анагаахад бүтээл нь бодитой хувь нэмэр болно гэдгийг Ф.Рамсделл мэдэж байсан ч энэ нэр хүндтэй шагналыг хүртэнэ гэж төсөөлөөгүй явсан гэнэ. Ингээд даруй Нобелийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Томас Пэрлман руу утасдах гэсэн боловч шөнийн 23 цаг болсон тул өглөө болохыг хүлээсэн байна. Эцэст нь тэрбээр “Шагнал авсандаа маш их талархаж байна. Миний судалгаа үнэлэгдсэнд баяртай байна. Энэ баяраа хамт олонтойгоо хуваалцах болно" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







