Израиль, ХАМАС бүлэглэл энхийн төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа

Израиль, ХАМАС бүлэглэл энхийн төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа


   АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Израиль болон Палестины ХАМАС бүлэглэлийн хооронд энх тайван тогтож эхэлснийг мэдэгдэв. Тэрбээр "Truth Social" цахим хуудсандаа "Израиль болон ХАМАС энхийн төлөвлөгөөний нэгдүгээр шатанд гарын үсэг зурсныг дуулгаж байгаадаа маш их баяртай байна" гэжээ. Улмаар барьцаанд байгаа бүх хүмүүсийг удахгүй суллаж, Израиль цэргээ татна гэдгийг хэлсэн байна. Израиль, ХАМАС бүлэглэл АНУ болон бусад талуудын зуучлалаар Улаан тэнгисийн Шарм эль-Шейх амралтын газарт гал зогсоох хэлэлцээ хийж байна. Д.Трамп мөн энэ түүхэн үйл явдлыг бодитой болгоход хамтран зүтгэсэн Катар, Египет, Туркийн зуучлагчдад талархаж буйгаа илэрхийлжээ. Өнгөрсөн сарын 29-ний өдөр тэрбээр Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай уулзаж, барьцаалагдсан бүх хүнийг 72 цагийн дотор суллах, Израилийн цэргийг үе шаттайгаар гаргах, Газын зурвас дахь дайны дараах сэргээн босголт зэргийг багтаасан энхийн төлөвлөгөөг танилцуулсан юм.

   Зуучлагч Катарын засгийн газар мөн энэ талаар мэдээлж, тухайлбал тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мажид аль-Ансари "Энэ хэлэлцээрээр дайныг зогсоож, Израилийн талаас барьцаалагдсан хүмүүс болон Палестины хоригдлуудыг суллаж, хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ” гэжээ. Мөн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левит мэдэгдэлдээ Д.Трамп баасан гарагт Ойрхи Дорнодод айлчилна гэдгийг онцлов. Энэ хэлэлцээр нь маргааш нээгдэх Нобелийн энх тайвны шагналыг зарлахын өмнөхөн болж байна. Д.Трамп Нобелийн энх тайвны шагнал хүртэх хүсэлтэй гэдгээ нуудаггүй. Тэрбээр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа “Бид найм дахь дайныг дуусгаж байна. Гэвч Нобелийн хороо надад шагнал олгохгүй байх шалтаг эрэлхийлэх байх” гэсэн юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.