Ангела Меркель: Орос Украины дайнд Европын холбоо болон НАТО буруутай

Ангела Меркель: Орос Украины дайнд Европын холбоо болон НАТО буруутай


   Германы канцлер асан Ангела Меркель гурван жил үргэлжилж буй Орос-Украины дайны хариуцлагыг Европын холбоо болон НАТО-гийн бүрэлдэхүүнд багтдаг Зүүн Европын зарим орны удирдлагууд хүлээх ёстой гэв. Бүрэн эрхийнхээ хугацаанд тэрбээр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой хамтран ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй шууд хэлэлцээ хийхийг оролдсон боловч Польш болон Балтын орнуудын эсэргүүцэлтэй тулгарч амжилтгүй болсон нь В.Путиныг Украин руу довтлох хаалгыг нээж өгсөн тухай ярьсан байна. Түүний мэдэгдэл Европын холбоо болон НАТО-гийн дотоод зөрчилдөөнийг өдөөж, ярианд дурдагдсан орнуудын одоогийн болон хуучин удирдлагууд дээрх мэдэгдлийг үгүйсгэж байна. А.Меркель Унгарын "Partizan" сувагт өгсөн ярилцлагадаа, "2021 оны зургадугаар сар гэхэд В.Путин Минскийн хэлэлцээрийг дагаж мөрдөх сонирхолгүй болсон нь илт мэдэгдэж, Европын холбооны түвшинд түүнтэй яриа хэлэлцээ хийх шаардлагатай болсон байсан. Тиймээс Э.Макрон бид хамтран Европын холбоонд хандаж, В.Путинтэй шууд хэлэлцээ хийхийг санал болгосон" гэжээ. Минскийн гэрээ нь 2014 онд Орос Украинд халдсаны дараа Франц, Германы зуучлалын дагуу байгуулсан гал зогсоох хэлэлцээр байсан юм. Чухамдаа А.Меркелийг албан тушаалаасаа бууснаас хойш хоёр сарын дараа Орос улс Украин руу халдсан юм. Ярилцлага гарсны дараа А.Меркелийн нэрлэсэн улс орнуудын удирдагчид түүний мэдэгдлийг эрс үгүйсгэв. Тухайлбал Латвийн ерөнхий сайд асан Крисжанис Каринс "Тухайн үед Герман зэрэг улс орнууд Оросыг ойлгодоггүй байсан. А.Меркель В.Путинтай яриа хэлэлцээ хийж асуудлыг нааштай шийднэ гэдэгт одоо хүртэл итгэсээр байгаа бололтой” гэжээ.

   А.Меркель 2022 оны арваннэгдүгээр сард Германы долоо хоног тутмын “Der Spiegel” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа мөн үүнтэй төстэй санааг илэрхийлж байв. Тэрбээр Оросууд Украин руу довтолж болзошгүй гэсэн тагнуулын мэдээ хүлээн авч, В.Путинтэй яриа хэлэлцээ хийх замаар асуудлыг шийдэхийг оролдсон боловч бүрэн эрхийн хугацаа нь дуусч, хичээл зүтгэл нь дэмжлэг аваагүй гэдгийг онцолж байжээ. ХБНГУ-ын анхны эмэгтэй канцлер, 16 жил төрийн эрх барьсан А.Меркель тухайн үедээ Оросын түрэмгий бодлоготой хэт эвлэрсэн гэсэн шүүмжлэл хүлээж байсан юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.