Хятад: Хималайн нуруунд салют шоу зохион байгуулсан албан тушаалтныг шийтгэв
Өнгөрсөн сард Төвөдийн Хималайн нуруунд болсон салют шоу нь экосистемд хохирол учруулсан гэсэн маргаан дэгдэж, эрх баригчид энэ арга хэмжээг санаачлан зохион байгуулсан албан тушаалтнуудад шийтгэл оноожээ. Хонконгийн “South China Morning Post” сонины мэдээлснээр, Хятадын Засгийн газар өнгөрсөн сарын 19-ний өдөр Төвөдийн өөртөө засах орны Жанзи мужийн нутаг дахь Хималайн нурууны хэсэгт болсон арга хэмжээнээс үүдэлтэй байгаль орчны шалгалтын дүнг нийтэд ил болгосон байна. Салют буудсаны дараа орон нутгийн ус, агаар дахь химийн бодисын агууламж стандартаас хэтэрч, мөн тээврийн хэрэгсэл, хүмүүсийн хөл хөдөлгөөнд 30 гаруй га бэлчээр талхлагдсан болох нь тогтоогджээ. Салютыг 4670-5020 метрийн өндөрт хөөргөсөн гэнэ. Арга хэмжээ богинохон хугацаанд болж өндөрлөсөн ч хог хаягдлаа түүж цэвэрлээгүй гэсэн шүүмжлэл дагуулсан юм. Цаашилбал, салютын хурц гэрэл, тэсрэх чимээ зэргээс болж зэрлэг амьтад олноор дайжсан аж. Уг арга хэмжээг зохион байгуулахдаа холбогдох байгууллагаас зөвшөөрөл аваагүй болохыг тайланд дурдсан байна. Эцэст нь Жанзи дүүргийн намын нарийн бичгийн дарга, дүүргийн орлогч дарга, олон нийтийн аюулгүй байдлын товчооны дарга нарыг ажлаас нь чөлөөлж, өөр хэд хэдэн албан тушаалтныг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







