Сингапурын иргэд 193 улсад визгүй зорчдог
Олон улсын “Henley & Partners” хуулийн фирм жил бүр дэлхийн 199 орны визгүй зорчих эрхийн байдалд дүн шинжилгээ хийж, гадаад паспортын чансааг тодорхойлдог. НҮБ-ын гишүүн 193 орон, дээр нь Тайвань, Макао зэрэг зургаан орныг оролцуулаад нийт 199 орон руу визгүй зорчих эрхтэй улс орнуудыг судлан дээрх зэрэглэлийг гаргаж, Олон улсын агаарын тээврийн холбооны (IATA) мэдээлэлд үндэслэн өөрчлөлт орсон тухайн цаг бүрд нь шинэчилдэг ажээ. Жагсаалтыг дэлхийн 193 улсад иргэд нь визгүй зорчдог Сингапур улс тэргүүлсэн байна. Харин удаах байранд Өмнөд Солонгос (190) гуравдугаарт Япон улс (189) оржээ. 2015 онд дөнгөж 94 дүгээрт жагсаж байсан Хятад улс эдүгээ иргэд нь дэлхийн 82 улс руу визгүй зорчдог болсон үзүүлэлтээр 64 дүгээр байрт орсон байна. Хятад улс сүүлийн 10 жилийн хугацаанд “Henley Passport Index”-ийн хамгийн том өсөлтийг харуулж чадсан бөгөөд сүүлийн нэг жилд 30 улс руу визгүй зорчих эрх олж авсан байна. Харин Хойд Солонгос (41) 149 дүгээрт жагссан бол хамгийн сүүлийн байруудад Афганистан, Сири, Ирак зэрэг Ойрх Дорнодын орнууд оржээ. “Henley & Partners” уг зэрэглэлийг тогтоож эхэлснээс хойшхи 20 жилийн хугацаанд АНУ-ын паспорт анх удаа эхний 10 байрнаас буурч 12 дугаар байрт бичигджээ. 2015 онд нэгдүгээрт бичигдэж байсан Их Британи улс энэ жил 6 дугаар байрт орсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







