П.Пикассогийн зураг алга болжээ
Испанийн алдарт зураач Пабло Пикассогийн 1921 онд зурсан "Гитартай натюрморт" хэмээх зураг Мадридаас Гранада руу тээвэрлэх явцад ор сураггүй алга болжээ. 12.7х9.8 см хэмжээтэй уг зургийг Испанийн “CajaGranada” соёлын өвийн сангийн зохион байгуулж буй натюрмортын үзэсгэлэнд тавихаар нэгэн цуглуулагчаас авчээ. Улмаар урлагийн бүтээл тээвэрлэдэг компанид хүлээлгэн өгсөн нь бусад зурагтай хамт Мадридын нэгэн агуулахад хэд хоног байсан бөгөөд захиалгат ачаа 10 дугаар сарын 2-нд Гранадад ирэхэд нь нээж үзэхэд алга болсон байв. Ачаа Гранадад хүрэх замдаа Дэйфонтэс хэмээх жижигхэн хотод нэг хоносон гэнэ. Цагдаагийнхан зургийг чухам энд алдагдсан байж магадгүй хэмээн сэжиглэж байгаа аж.
Лондонд төвтэй “Art Loss Register” байгууллагын гаргасан судалгаагаар, бүтээл нь хулгайд хамгийн их алдагддаг зураачдын жагсаалтыг П.Пикассо тэргүүлдэг. Түүний дараа Жоан Миро, Марк Шагал, Сальвадор Дали, Огюст Ренуар нар ордог ажээ. Тус байгууллагын бүртгэлд өнгөрсөн хугацаанд П.Пикассогийн 572 бүтээл хулгайд алдагдсан хэмээн тэмдэглэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







