Норвеги: Баялгийн сангаас иргэн бүрд оногдох хөрөнгө 340 мянган доллар болов
Гэрэл зураг © Pete Carvill

Норвеги: Баялгийн сангаас иргэн бүрд оногдох хөрөнгө 340 мянган доллар болов


   Норвегийн Үндэсний баялгийн сангийн хөрөнгө 2 их наяд долларт хүрч, дэлхийн бусад улсын энэ төрлийн сангуудаас хамгийн их хөрөнгөтэй нь болсон талаар “Bloomberg” агентлаг мэдээллээ. Газрын тосны ихээхэн нөөцтэй Норвеги улс экспортоос олдог орлогынхоо зарим хэсгийг ирээдүй хойчдоо зориулан хуримтлуулахын тулд уг санг 1990 онд байгуулсан юм. Тус улс түүхий газрын тосны дэлхийн нийт экспортын 11 хувийг эзэлдэг бөгөөд хамгийн том экспортлогч улсуудын жагсаалтад 2025 оны байдлаар долоодугаарт бичигдэж байна. Норвегийн хөрөнгө оруулалтын менежмэнтийн банкны захиран зарцуулдаг тус сан өнөөдөр дэлхийн 70 гаруй орны 9000 шахам компанид хөрөнгө оруулан хувьцаа эзэмшиж байгаа юм. Сангийн хөрөнгийг өнөөдөр Норвегийн бүх иргэнд тэнцүү хуваавал 340 мянган доллар оногдохоор байна. Сангийн хөрөнгө 2017 онд анх удаа нэг их наяд доллар болсон бол өнгөрсөн 8 жилд даруй нэг их наяд доллароор нэмэгдсэн нь энэ юм. Сонирхолтой нь тус сан тамхи, цөмийн зэвсэг үйлдвэрлэгч, хүний эрх зөрчдөг, байгаль орчинд халтай үйлдвэрлэл явуулдаг, дарангуйлагч дэглэмтэй улсад зэвсэг нийлүүлдэг, Израильд цэргийн зориулалттай бүтээгдэхүүн худалддаг компаниудын жагсаалтыг гаргаж, тэдгээрт хөрөнгө оруулахгүй байх бодлого баримталдаг байна. 

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.