100 настай америк эр бодибилдингийн тэмцээнд оролцоно

100 настай америк эр бодибилдингийн тэмцээнд оролцоно


   Бодибилдингийн тамирчин, эдүгээ 100 настай Эндрю Бостинто өнөөг хүртэл биеийн тамирын дасгал хийж, уралдаан тэмцээнд оролцсоор байгаа тухай Их Британийн “Daily Mail” сонин мэдээлэв. 1925 онд АНУ-ын Нью-Йорк хотод төрсөн тэрбээр насан туршдаа биеийн хүчний дасгал хөдөлгөөн хийсээр иржээ. Тухайлбал арван хоёр настайгаасаа хүндийг өргөлт, улмаар гимнастикаар хичээллэж, арван долоон настайдаа бодибилдингийн тамирчин болж, спортын сэтгүүлд зураг нь нийтлэгдэж байв. Удалгүй цэрэгт татагдан Дэлхийн II дайнд оролцож, дайны дараа армид 30 гаруй жил алба хаасан байна. Армиас халагдаад 1977 онд 52 настайдаа Нью-Йорк хотын бодибилдингийн тэмцээнд оролцож, 50-иас дээш насны ангилалд "Mister America" өргөмжлөл хүртжээ. Үүнийхээ дараахан Э.Бостинто мэргэжлийн дасгалжуулагчийн гэрчилгээ авч “Үндэсний биеийн тамирын холбоо” нэртэй ашгийн бус байгууллага үүсгэн байгуулжээ. Тус байгууллагаас зохион байгуулдаг "Masters 100" бодибилдингийн тэмцээн өнөөг хүртэл зохиогдсоор байгаа бөгөөд Э.Бостинто ч жил бүр оролцдог аж. Долоо хоногийн зургаан өдөр нь фитнест явж, булчингийн таталт, хэвлийн булчинг чангалах дасгал хийсээр байгаа тэрбээр ирэх сард болох тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна. Э.Бостинто өдий насандаа эрүүл чийрэг байгаагийн нууцыг "Дасгал хөдөлгөөн гэхээсээ сэтгэл зүйтэй холбоотой. Би өөрийгөө хөгшин гэж боддоггүй. Энэ л надад эрч хүч өгдөг” гэсэн байна. Тэрбээр насаараа цоо эрүүл байсан уу гэвэл бас тийм биш юм. Дал гаруй насандаа зүрхний хагалгаанд орж, мөн хамгийн сүүлд 2017 онд үе солиулах мэс засал хийлгэж, 2019 онд цус харвасан байна. Эцэст нь тэрбээр “Би эрүүл чийрэг байхын тулд уураг ихтэй махан хоол, өндөг, тараг идэж, архи тамхинаас хол байсан. Цаашид ч амьсгал хураах хүртлээ дасгал хөдөлгөөнөө хийсээр байх болно” гэжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.