Дуураймал Ким Жон Ун юу ярив?

Дуураймал Ким Жон Ун юу ярив?


   Олон улсын чанартай улс төрийн арга хэмжээн дээр царай төрх, хувцаслалтаараа Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг дуурайж олны танил болсон Хонконгийн иргэн Ховард Х сүүлийн 15 жилийн турш хийж ирсэн энэ сонин үйлдлийнхээ талаар ярьсан байна. Их Британийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрбээр хошин шогийг ихэд сонирхдог, өөрөө ч давгүй жүжиглэдэг, Ким Жон Уныг анх 2011 онд хараад өөртэй нь тун төстэй болохыг мэдмэгцээ дуурайж үзэхээр шийдсэнээ хэлжээ. Улмаар үсээ адилхан засуулж, мөн ижилхэн байдлаар хувцаслаад авхуулсан хэдэн зургаа олон нийтийн сүлжээнд нийтэлсний дараа "Дуураймал Ким Жон Ун” гэсэн дүрээр олонд танигдаж эхэлсэн гэнэ. Ховард Х 2018 оны Пёнчаны Өвлийн Олимпын үеэр Өмнөд Солонгост очиж, Солонгосын эмэгтэйчүүдийн шайбтай хоккейн урьдчилсан шатны тоглолтын үеэр Солонгосын хойгийн зураг бүхий Эв нэгдлийн далбаа барин олны өмнө гарсан байна. Мөн тэр жил Ким Жон Ун, Дональд Трамп нар Сингапурт дээд хэмжээний уулзалт хийх үеэр очиж олны анхааралд өртжээ. Энэ үйлдлийнхээ талаар Ховард Х "Би ардчиллын үйл хэрэгт олны анхаарлыг хандуулахын тулд энэ аргыг сонгосон. Гудамжинд гараад жагсвал намайг хэн ч тоохгүй” гэжээ. Улмаар "Дарангуйлагчид мэдрэмжтэй байдаг. Хүмүүст шоолуулахаас үхтлээ айдаг” гэжээ. Энэ үйлдлийнхээ төлөө тэрбээр шүүмжлэл, дарамтад ч хэд хэдэн удаа өртөж байсан бөгөөд 2014 онд Хонконгод болсон шүхэртэй жагсаалд оролцсон хэргээр баривчлагдаж, үүний дараа аюулгүй байдлын үүднээс Австрали руу гарчээ. Мөн 2019 онд Ким Жон Ун, Д.Трамп нар хоёр дахь удаагаа Ханой хотод уулзахад Ховард Х тэнд очсон боловч түүнийг Вьетнамаас албадан гаргажээ. Хэзээ нэгэн цагт Ким Жон Унтай биечлэн уулзах боломж гарвал хэрхэх талаар асуухад тэрбээр "Би түүнд албан тушаалаасаа бууж, оронд нь намайг томил. Би танай улсыг эрх чөлөөт орон болгож өгье гэж хэлнэ" хэмээн хошигносон байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.