Эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн охинд “Хүндэт доктор” цол олгожээ
Монгол улсын анхны Ардын уран зохиолч, академич Ц.Дамдинсүрэнгийн охин, монголч эрдэмтэн А.Цендинад МУИС-ийн харьяа Монгол судлалын хүрээлэнгийн “Хүндэт доктор” цол олголоо. Цол олгох тухай тус хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрт “Монгол улсын түүх, соёлыг судлах, монгол судлалыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж” хэмээн тэмдэглэжээ. МУИС-ийн Төв байранд өнгөрөгч 20-ны өдөр болсон "Хүндэт доктор" цол олгох ёслол ахмад эрдэмтэд, доктор, профессор багш, судлаачид, түүний шавь нар оролцсон байна. А.Цендина нь 1977-1990 онд ЗХУ-ын Радио, телевизийн улсын хороонд нэвтрүүлэгч, 1990-2005 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2005 оноос ОХУ-ын Хүмүүнлэгийн улсын их сургуулийн Дорно дахин ба сонгодог судлалын хүрээлэнд профессор, 2017 оноос Эдийн засгийн ахисан түвшний сургуульд профессороор тус тус ажиллаж байна. Тэрбээр “Монгол Алтангэрэл судар”, “Молон тойны судар”, “Түүхийн бичмэл эх” зэрэг судалгааны олон арван бүтээл туурвисны зэрэгцээ академич Ц.Дамдинсүрэнгийн эрдмийн өвийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр “Ц.Дамдинсүрэнгийн эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган” 9 боть тэргүүтэй олон ном эрхлэн хэвлүүлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







