Швейцар: Монголчуудын 2000 жилийн түүхийг харуулсан үзэсгэлэн өнөөдөр Цюрихт нээгдэнэ
Монголчуудын 2000 жилийн түүхийг эртний олдворууд болон орчин үеийн бүтээлүүдээр нэгтгэн харуулсан “Монголчууд: Цаг хугацаагаар аялахуй” үзэсгэлэн өнөөдөр Швейцарын Цюрих хотын “Ритберг” музейд нээлтээ хийнэ. Үзэсгэлэнгийн үндсэн сэдэв нь хоёр мянганы турш Монголын газар нутагт байсан томоохон хотууд, түүний түүхэн хөгжил, хувьсал, өөрчлөлт бөгөөд хамгийн сүүлийн үеийн археологийн ховор олдворууд, бусад эд өлгийн зүйл, нийт 200 үзмэрийг дэлгэн харуулах ажээ. “II-XIV зуунд Төв Азийн өндөрлөгт байгуулагдсан томоохон хот суурингууд нь өнөөгийн Монголын нутагт төвлөрсөн суурьшмал амьдрал эрт цагаас байж, олон арван өөр өөр үндэстэн холилдон сууж байсныг илтгэнэ. Археологийн малтлагаас олдсон үнэт бараа таваар нь олон улсын худалдааны харилцаа энд цэцэглэн хөгжиж байсныг нотлох бол бичгийн дурсгалууд нь бүс нутгийн соёлын солилцоонд монголчууд ямар их үүрэгтэй байсныг харуулна” хэмээн үзэсгэлэнгийн танилцуулгад дурдсан байна. Монголын нүүдэлчин амьдралын уламжлалт хэв маяг ба орчин үеийн хотжилтын харилцан хамаарлыг үзүүлсэн М.Эрдэнэбаяр, Б.Баатарзориг, Э.Лхагвадорж, Ц.Номин нарын монгол зураачдын бүтээлийг мөн энэ үзэсгэлэнд дэлгэн тавих ажээ. Үзэсгэлэн 2026 оны хоёрдугаар сарын 22 хүртэл гарна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







