76 нас хүрсэн хойноо амьдралдаа анх удаа гэрлэжээ
АНУ-ын иргэн Жэнет Фонтэйн 76 нас хүртлээ хүнтэй огт ханилалгүй явсаар сая гэрлэн нөхөртэй болжээ. Business Insider сайтын мэдээлснээр, олон улсын худалдааны салбарт ажилладаг тэрбээр ажилдаа амжилт гаргах, албан тушаал ахих, өөрийгөө хөгжүүлэх тал дээр хэт анхаарч явсаар гэр бүлийн амьдралыг орхигдуулсан бөгөөд цөөн хэдэн хүнтэй холбоотой болж байсан ч тэдэнтэйгээ гэрлэж байгаагүй аж. Ингээд хүнтэй гэрлэхээр 73 настайдаа хатуу шийдэж найзынхаа тусламжтайгаар, танилцах сайтад бүртгүүлжээ. Улмаар 2021 онд 78 настай Клифф хэмээх эртэй танилцан, усан үзмийн талбайд анх удаа уулзсан гэнэ. Тэд утсаар ярихдаа ярьж, хааяа бие биенийхээ гэрт зочилж явсаар 2023 оны 12 дугаар сард Клифф түүнд гэрлэх санал тавьж бөгж гардуулжээ. “Хөл муудсан тул өвдөг сөгдөн ёс гүйцэтгэж чадсангүй” хэмээн Клифф хошигнож байсан гэнэ. Ингээд тэд 2025 онд гэрлэсэн байна. “Нас ахисан хойноо гэрлэх нь, амьдрал ямар хурдан болохыг сануулдаг юм байна” хэмээн Жэнет Business Insider-т ярьжээ. Түүний хэлснээр, ойр дотнын хэд хэдэн хүн нь гэрлэж чадалгүй явсаар нас барсан байна. АНУ-ын Остин хотод 98 настай эр, 96 настай эмэгтэй бие биедээ дурласнаар ахмад настнуудын асрамжийн газар хуримаа хийсэн талаар “The Washington Post” сонин өнгөрсөн онд мэдээлж байсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







