АНУ ОХУ-д анх удаа эдийн засгийн хориг тавилаа
АНУ-ын засаг захиргаа ОХУ-ын эрчим хүчний томоохон компаниудад анх удаа хориг тавьж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ. Ийм шийдвэр гаргах болсноо Цагаан ордон “Москва дайныг зогсоон энх тайван тогтоох үйл явцад нухацтай хандахгүй байна” хэмээн тайлбарлажээ. Үүнтэй зэрэгцэн Европын холбоо мөн ОХУ-д шинэ хориг тавьж байгаагаа зарлалаа. Ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-д эдийн засгийн хориг тавихаас зайлсхийж ирсэн бөгөөд энэ нь В.Путиныг дипломат арга хэрэгслээ идэвхжүүлж дайныг зогсоохыг зөвшөөрнө гэж найдаж байсантай нь холбоотой. Гэвч энэ найдвар нь өнөө хэр биелээгүй тул Цагаан ордон ийнхүү тус улсад анх удаа эдийн засгийн хориг тавьж байна. Оросын эдийн засагт дарамт үзүүлэхийг Европын холбоо сүүлийн 10 сарын турш Вашингтоноос хүссэн нь үр дүнд хүрээгүй бөгөөд энэ утгаараа Цагаан ордны энэхүү хориг Европын хувьд нэг ёсны ялалт болж байгаа юм. АНУ-ын шинэ хориг Оросын нефтийн хамгийн том хоёр компани болох “Роснефть” болон “Лукойл”-д хамаарч байна. Европын холбоо “Роснефть” компанид хэдийнэ хориг тавьсан боловч “Лукойл”-д хараахан “халдаж” чадаагүй байсан бөгөөд энэ нь холбооны гишүүн Унгар, Словак улс тус компанийн газрын тосноос хамааралтай хэвээр байгаатай холбоотой юм. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент хориг тавьсан шийдвэрийг зарлахдаа “Одоо цус урсгахаа зогсоож нэн даруй гал зогсоох цаг" гэж мэдэгджээ. "Ерөнхийлөгч В.Путин энэ утгагүй дайныг зогсоох эрмэлзлэлгүй байгаа тул Сангийн яам Кремлийн дайны машиныг санхүүжүүлдэг Оросын нефтийн хоёр том компанид хориг тавьж байна. Дахин нэг дайныг зогсоох ерөнхийлөгч Д.Трампын ээлжит хүчин чармайлтыг дэмжихийн тулд шаардлагатай бүх арга хэмжээг цаашид ч авахад бид бэлэн байна. Мөн холбоотнуудаа бидэнтэй нэгдэж, эдгээр хориг арга хэмжээг дагаж мөрдөхийг уриалъя" хэмээн тэрбээр хэлжээ. Украины дайныг зогсоох асуудалд ОХУ-ын байр суурь урьдын адил тууштай буюу өөрчлөгдөхгүй байгаад Цагаан ордон дүгнэлт хийснээр, Будапештэд хийхээр тохиролцсон Д.Трамп, В.Путин нарын уулзалтыг цуцалсны дараа С.Бессент ийнхүү мэдэгдэж байна. Будапештийн уулзалтын тухайд Д.Трамп "Бид ерөнхийлөгч Путинтэй хийх уулзалтаа цуцаллаа. Уулзалт цуцлагдсанд би өөрөө ч тийм дуртай биш байна" хэмээн Д.Трамп хэлсэн юм.
Сангийн сайд С.Бессент мэдэгдэл хийхийнхээ өмнө Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйентэй ярилцсан байна. Фон дер Ляйен бол эдийн засгийн өргөн хүрээтэй, эрс шийдэмгий арга хэмжээгээр Оросын дайны машиныг зогсоохыг уриалж ирсэн хүн юм. С.Бессенттэй ярилцсаныхаа дараа тэрбээр “Түрэмгийлэгчдэд хамтдаа шахалт үзүүлэх итгэл төгс байгаагаа бид ийнхүү Атлантын далайн хоёр талаас нотоллоо" хэмээн мэдэгджээ.
Үүний зэрэгцээ Европын холбооны улсуудын Элчин сайд нар өнөөдөр Брюссельд уулзаж, ОХУ-д 2022 оны хоёрдугаар сараас хойшх 19 дэх удаагийн багц хоригийг тавих шийдвэр дээр санал нэгдсэн байна. Энэ шийдвэрээр Европын холбоо 2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Оросоос шингэрүүлсэн байгалийн хий импортлохыг анх удаа хориглож байна. Энэхүү хориг нь Бельги, Франц, Нидерланд, Испани, Португал улсуудад Москватай байгуулсан урт хугацааны гэрээгээ цуцлах бололцоо олгож байгаа юм. Мөн Оросын нефтийг тээвэрлэхийг хориглосон хөлөг онгоцнуудын тоог 117-оор нэмэгдүүлж 558 болгожээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







