Польш: Худал цуурхлаас болж 150 тонн төмсөө хулгайд алджээ
Польш улсад газар тариалан эрхлэгч нэгэн эрийг үнэгүй төмс тарааж байна гэсэн худал цуурхал гарсны улмаас түүний тариалсан 150 тонн төмс гэгээн цагаан өдрөөр алга болжээ. Тодруулбал, хэн нэгэн этгээд Фэйсбүүк сүлжээнд Подкарпат мужийн фермер Петр үнэгүй төмс тарааж байна гэсэн бичлэг нийтэлжээ. Бичлэгт тариан талбай дээр зогсоо нэгэн эр "Танил фермер маань борлуулж амжаагүй 150 тонн төмсөө нутгийн иргэдэд үнэгүй тарааж байна. Хэн дуртай нь ирж, хэдийг л бол хэдийг авч болно” хэмээн ярьж байх аж. Бичлэг тарсны дараа хэдэн зуун хүн шуудай, хувингаас эхлээд хэдэн тоннын чиргүүлтэй машин хүртэл хөлөглөн ирж хүссэн хэмжээгээрээ авч одсон бөгөөд зарим нь бүр 60 тонн төмс ачиж явсан гэнэ. Гэвч дээрх бичлэгт ярьсан зүйл худал байжээ. Удмын баяртаа оролцож хэд хоног амраад ирсэн Петр талбай дээрээ очиход юу ч үгүй хоосон газар угтсанд ихэд цочирдсон байна. Энэ тухайгаа тэрбээр "Би зүүдэлж байна уу даа гэж бодсон. Өдий 68 наслахдаа ийм хачин юм үзнэ гэж санасангүй" гэжээ. Оруулсан хүн нь бичлэгээ удалгүй устгасан байна. 25 жил тариалан эрхэлж буй Петр энэ явдлыг цагдаад мэдэгдээгүй аж. Учир нь гэмт этгээд сайн дураараа ирж, буруугаа хүлээн уучлалт гуйна гэдэгт итгэж байгаа ажээ. "Шуугиан таримааргүй байна. Зарга заалхай бололгүйгээр хэл амаа ололцоод шийдчихэж болох байлгүй” хэмээн тэрбээр ярьсан байна. Мөн үнэнийг олж мэдсэн зарим хүн авсан төмсөө буцааж өгөхөөр болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







