"Дэлхийн II дайнд байгуулсан Монголын баатарлаг үйлс” номыг Москвад хэвлэжээ

"Дэлхийн II дайнд байгуулсан Монголын баатарлаг үйлс” номыг Москвад хэвлэжээ


   Дэлхийн II дайны үед Зөвлөлтийн талд Монгол улсаас үзүүлсэн хувь нэмэр, тусламжийн талаарх судалгаа, баримт, мэдээллийг эмхэтгэн ном болгосныг Москвад хэвлэжээ. ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөл, Оросын Хүмүүнлэгийн ухааны их сургуультай хамтран эмхэтгэж хэвлүүлсэн "Дэлхийн II дайнд байгуулсан Монголын баатарлаг үйлс” хэмээх уг номыг Монгол улсад албан ёсоор гардуулахаар болсныг ТАСС агентлаг өнөөдөр уламжиллаа. “Номд Дэлхийн II дайны үеийн Зөвлөлт-Монголын харилцаа, дайнд ялалт байгуулахад оруулсан Монгол улсын хувь нэмрийг харуулсан” хэмээн ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн Тамгын газрын хэвлэлийн албанаас ТАСС агентлагт мэдээлжээ. 1939 онд Халхын голд явагдсан цэргийн ажиллагаа, Монголын ард түмний Улаан армид үзүүлсэн тусламжийн ач холбогдол, 1945 оны 8 дугаар сард Японы Квантуны армийг бут цохиход Монгол улс хэрхэн оролцсон тухай баримт, материалууд уг номд багтсан бөгөөд ОХУ-ын Төрийн кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив болон ОХУ-ын Төрийн архивын цуглуулгад хадгалагдаж буй өвөрмөц гэрэл зургууд орсон байна. Номыг Монгол улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшинд гардуулах ба ёслолд ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч А.Венедиктов, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд А.Руденко, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн ректор А.Логинов болон Аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Шинжлэх ухааны шинжээчдийн зөвлөлийн гишүүд оролцох ажээ.

   Дэлхийн II дайны жилүүдэд монголчууд Оросын улаан армид зургаан ээлжээр галт тэрэгний 11 цуваа бэлэг илгээснээс гадна “Т-34”, “Т-70” маркийн 53 танк бүхий “Хувьсгалт Монгол” бригад, “Ла-5” маркийн 12 онгоц бүхий “Монгол ард” эскадрилийг бэлэглэсэн юм. Мөн Зөвлөлтөд 485 мянган морь худалдахын зэрэгцээ 32.5 мянган морь бэлэглэснээр нийт бэлгийн дүн 53.5 сая төгрөг, 300 орчим кг цэвэр алт болж, худалдсан барааны өртөг нь 400 саяд хүрсэн билээ. Дайны ялалтад монголчуудын оруулсан хувь нэмрийг бэлгэдэн “Ялалтад тэмүүлсэн монгол морьд” хөшөөг монголчуудын санаачилгаар бүтээж Москва хотын Поклонная уулан дахь Ялалтын цэцэрлэгт 2017 онд байрлуулсан түүхтэй.   


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.