Луврын музейгээс үнэт эдлэл хулгайлсан хэргийг сурталчилгаандаа ашиглажээ
Хэргийн газар цагдаагийнхан үзлэг хийж байна. Гэрэл зураг © Thibault Camus

Луврын музейгээс үнэт эдлэл хулгайлсан хэргийг сурталчилгаандаа ашиглажээ


   Барилгын өргөгч шат үйлдвэрлэдэг Германы “Böcker” компани Парисын Луврын музейгээс үнэт эдлэл хулгайлсан хэргийг бүтээгдэхүүнийхээ сурталчилгаанд сонирхолтой хэлбэрээр ашиглажээ. Учир нь музейн хана руу авиран гарахдаа гэмт этгээдүүдийн хэрэглэсэн шатыг чухам энэ компани үйлдвэрлэсэн байна. Хэрэг гарсны маргааш “Böcker” компани үүнийг ажигласан бөгөөд хэргийн улмаас хүн хохироогүй болохыг нягталсны эцэст хошин маягаар сурталчилгаа хийхээр шийджээ. Улмаар сурталчилгааны текстэд “Ажлаа шуурхайлмаар байвал “Böcker Agilo” шатыг хэрэглэ. 400 кг хүртэлх жинтэй үнэт эдлэлийг минутад 42 метрийн хурдтайгаар огт чимээ гаргалгүй зөөнө” хэмээн бичээд, хэргийн газрын зургийг оруулсан байна. Компанийн захирал Александр Бөкэр энэ талаар AFP агентлагт ярихдаа “Бид гэмт хэргийг сайшааж байгаа юм биш. Хүмүүсийн анхаарлыг компанидаа хандуулахын тулд дэлхийн хамгийн алдартай музейг ашиглах бололцоо гарсныг талаар өнгөрөөхгүйг л бодлоо” хэмээн хэлжээ. А.Бөкэрийн хэлснээр, түрээсийн үйлчилгээ үзүүлдэг Францын нэгэн компани уг шатыг хэдэн жилийн өмнө худалдан авсан гэнэ. “Böcker” нь Германы Умард Райн-Вэстфалэн мужид байдаг, олон жилийн түүхтэй гэр бүлийн компани юм.  


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.