Япон: Эмнэлгийн буруугаас болж амьдрал нь орвонгоороо эргэсэн хүмүүст юу тохиолдов?

Япон: Эмнэлгийн буруугаас болж амьдрал нь орвонгоороо эргэсэн хүмүүст юу тохиолдов?


   Эдүгээ 72 настай япон эрийн амьдралын нэгэн гунигтай түүхийг Хонконгийн “South China Morning Post” сонин мэдээлэв. 1953 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Токио хотын Сан-Икугай эмнэлэгт төрсөн А эмнэлгийн буруугаас болж эцэг эхээсээ төөрснөөр, бүх насаараа амаргүй амьдрал туулжээ. Түүний төрсөн эцэг эх чинээлэг, хангалуун хүмүүс байсан бол солигдож очсон айл нь тун ядуу амьдралтай байж. Тэрбээр хоёр настайдаа эцгээ алдаж, ээж, гурван дүүгийн хамт тавилгагүй шахам ганц өрөө байранд бага насаа өнгөрөөсөн бөгөөд мөнгөгүйн улмаас боловсрол эзэмшиж чадалгүй, өдрийн цагаар үйлдвэрт ажиллаж, оройн сургуульд алдаг оног сурсан аж. Насанд хүрсэн хойноо ачааны машины жолоочоор ажиллаж өдөр хоногийг өнгөрөөсөөр гэр бүл зохиож ч чадсангүй. Ингэж явахдаа хачирхалтай мэдээ хүлээж авсан нь тэрбээр баян айлын том хүү болж таарчээ. Тэрхүү айлын ууган хүү ээжийгээ өөд болсны дараа аавыгаа асарч сувилах нөхцөлтэйгөөр эцэг эхийнхээ хөрөнгийн ихэнхийг өвлөн авсан боловч эцгээ асрамжийн газарт аваачиж орхисноос болж ах дүү нартайгаа түнжин хагарсан байна. Ингээд дүү нар нь ахынхаа татаад хаясан тамхины ишийг авч, ДНХ-ийн шинжилгээнд оруулахад тэд ямар ч цусан төрлийн холбоогүй гэсэн хариу гарчээ. Улмаар ахынхаа төрсөн эмнэлгээс баталгаа хүсэж, холбогдох байгууллагаар шалгуулж үзэхэд төрөхдөө солигдсон болох нь тогтоогдсон байна. Ийм цочирдом үнэнийг олж мэдсэн хүмүүс даруй эрэлд гарч, Токио хотод том оврын ачааны машины жолоочоор ажилладаг төрсөн ахыгаа олж уулзжээ. Талууд Сан-Икугай эмнэлгийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасны үр дүнд Токиогийн дүүргийн шүүх алдаа гаргасан эмнэлгээс 38 сая иений нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Хожуу ч гэсэн үнэн илэрсэн ч бүх зүйл оройтсон байлаа. Тэс өөр амьдралтай, хоёр өөр орчинд өсөж хүмүүжсэн тэд амьдралаас олон зүйлийг алджээ. Нэг нь хар багадаа эцэг эхээ алдсанаа ч мэдэлгүй баян айлын өв залгамжлагч болж явахад нөгөөх нь хатуу бэрх амьдрал туулж, баян чинээлэг амьдралын талаар төсөөлөх ч үгүй явсаар өтөлсөн байна. Иргэн А "Өсгөсөн ээж минь зовлон бэрхшээл туулах гэж төрсөн юм шиг амьдарсан. Би ээждээ тус дэм болох гэж байдгаараа мэрийж, амьдралаа босгох гэж хичээсээр өдий хүрсэн хүн. Хэрэв ийм зүйл болоогүй байсан бол миний амьдрал огт өөр байх байж. Харамсалтай байна” гэжээ. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.