Британи залуу Энэтхэгийн музей үзсэн тухай бичлэг ямар маргаан дагуулав?

Британи залуу Энэтхэгийн музей үзсэн тухай бичлэг ямар маргаан дагуулав?


   Блог хөтлөгч британи залуу найзтайгаа хамт Энэтхэгийн Үндэсний музейд зочилсон тухай товчхон бичлэг хоёр улсын харилцаан дахь хамгийн эмзэг сэдвийг хөндөж, ихээхэн маргаан дагуулаад байна. Тодруулбал Их Британийн иргэн, блог хөтлөгч Алекс энэтхэг найз Аминатайгаа хамт Дели хот дахь Энэтхэгийн Үндэсний музейг үзэж буй бичлэгээ саяхан Инстаграм хуудсан дээрээ нийтэлжээ. Үзмэрүүдийг үзэж байхдаа Алекс "Танай музейд яагаад ийм цөөхөн үзмэр байдаг юм бэ?" гэж асуухад Амина "Тэд бүгд Лондонгийн музейд байгаа. Та нар аваад явчихсан шүү дээ” хэмээн наргиа болгон хариулсан байна. Ийм хариулт сонссон Алекс ихэд ичингүйрэн толгой дохиж "Өө, тийм л дээ. Би энэ түүхийг мэднэ" хэмээн хариулж буй байдал бичлэгт буужээ. Уг дүрс бичлэгийг 600 мянга шахам хүн үзэж, бараг тийм тооны сэтгэгдэл үлдээсэн байна. Цахим хэрэглэгчдийн дийлэнх нь Европын колоничлолын түүхийг сөхөж, Их Британи улс Энэтхэг орныг колоничлоод зогсохгүй ховор үнэт эд зүйлсийг нь хүч түрэн авч одсон талаар шүүмжилсэн байна. Энэтхэг гаралтай нэгэн цахим хэрэглэгч “Их Британийн музейд орж үзэхэд гэртээ байгаа юм шиг санагддаг. Бидний соёлын үнэт зүйлсээр музейгээ чимсэн болоод л тэр” гэжээ. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор, Энэтхэгийн мянга мянган ховор үнэт эдлэл Их Британийн музейд хадгалагдсаар байгаа бөгөөд ихэнх нь XVII, XIX зуунд хамаарах эд зүйлс ажээ. Харин сүүлийн жилүүдэд Энэтхэг улс соёлын эд зүйлсээ буцааж авах ажлыг эрчимжүүлж байгаа аж.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.