Марк Цукербергийн дүрийг бүтээсэн жүжигчин танихгүй хүнд бөөрөө хандивлана
Холливүүдийн жүжигчин, 42 настай Жесси Эйзенберг танихгүй хүнд бөөрөө хандивлах болсноо мэдэгдэв. Тэрбээр өнгөрсөн сарын 30-ны өдөр NBC телевизийн "Today Show" нэвтрүүлэгт оролцох үедээ, зургаан долоо хоногийн дараа огт танихгүй хүнд өрөөсөн бөөрөө хандивлахаар болсноо хэлсэн байна. Хөтлөгч ихэд гайхан "Үнэн үү?" гэж асуухад Ж.Эйзенберг "Тийм" гэж товчхон хариулаад олон жилийн өмнө цусаа хандивлаж эхэлснээс хойш чадах бүхнээрээ хүмүүст туслахаар сэтгэл шулуудсанаа хэлжээ. Тэрбээр 10 жилийн турш бөөрний донор болохыг хүсэж, олон газар хандаж үзсэн боловч тодорхой хариу аваагүй байна. Хамгийн сүүлд найзынхаа зуучлалаар Нью-Йорк хотын нэгэн эмнэлэгтэй холбоо тогтоож, өрөөсөн бөөрөө хандивлахаар болсон ажээ. Ж.Эйзенберг нь 1999-2000 онуудад гарсан инээдмийн "Get Real" цуврал кинонд тоглож жүжигчний гараагаа эхэлсэн бөгөөд "Cursed", "Zombieland", "Now You See Me" цуврал, "Batman v Superman: Dawn of Justice" зэрэг кинонуудад тоглож олны танил болсон юм. Мөн "The Social Network" кинонд Марк Цукэрбергийн дүрийг бүтээж, энэ дүрээрээ "Оскар"-ын шагналын Шилдэг эрэгтэй жүжигчний төрөлд нэр дэвшиж байсан ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







