Талууд тохиролцоонд хүрснээр багш нар ажил хаялтаа зогсоохоор боллоо
Гэрэл зураг © МОНЦАМЭ агентлаг

Талууд тохиролцоонд хүрснээр багш нар ажил хаялтаа зогсоохоор боллоо


   Багш нарын ажил хаялтыг удирдан зохион байгуулсан Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яамны удирдлагатай хийсэн гурван талт уулзалтын үр дүнд багш нарын цалинг ирэх онд 2.8 сая төгрөгт хүргэхээр эцэслэн тохиролцлоо. Тодруулбал, 2026 оны төсөвт үндсэн цалинг 2.226.000, тухайн оны сүүлээр 2.8 сая төгрөгт хүргэхээр болсон бөгөөд цаашид 3.5 сая төгрөгт хүргэх асуудлыг 2027 оны төсвийн төслийг хэлэлцэх үеэр ярьж тохиролцохоор болсон байна. Уулзалтын эцэст байгуулсан нэмэлт хэлэлцээрийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад албан ёсоор бүртгэснээр ажил хаялтыг зогсоохоор болжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 5-д, тохиролцоонд хүрснээр ажил хаялт дуусгавар болно гэж заасан байдаг аж. Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэлийн хэлснээр, ажил хаялтад боловсролын 720 байгууллагын 40 мянган ажилтан оролцсон байна. Ингэснээр 10 дугаар сарын 16-нд эхэлсэн хугацаагүй ажил хаялт өнөөдөр зогсож, сургалтын байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэхээр боллоо.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.