Японы ерөнхий сайд Хойд Солонгосын удирдагчтай уулзахад бэлэн байгаагаа илэрхийлэв
Гэрэл зураг © AP/ Getty Images

Японы ерөнхий сайд Хойд Солонгосын удирдагчтай уулзахад бэлэн байгаагаа илэрхийлэв


   Японы ерөнхий сайд Такаичи Санаэ Хойд Солонгосын удирдагч Кин Жон Унтай биечлэн уулзах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэнийг CNN агентлаг өчигдөр уламжиллаа. Өнгөрсөн зууны 70, 80-аад онд Умард Солонгосын талд хулгайлагдсан япон иргэдийг эргүүлэн авахыг шаардан Токио хотод зохион байгуулсан арга хэмжээний үеэр тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна. “Уулзах хүсэлтэй байгаагаа би Умард Солонгосын талд хэдийнэ мэдэгдсэн” хэмээн тэрбээр энэ үеэр хэлжээ. Иргэдийг хулгайлсан явдал нь хоёр орны хооронд олон арван жил үргэлжилсэн үл ойлголцол, дайсагналын нэг томоохон шалтгаан болсоор ирсэн юм. Хоёр талын баримталдаг эрс хатуу байр суурийн улмаас сүүлийн 20 гаруй жилд Японы нэг ч ерөнхий сайд Хойд Солонгосын удирдагчтай уулзахыг санаачилж байсан удаагүй билээ. “Хоёр орны удирдагч нүүр тулан уулзвал бодитой үр дүн гарах нь дамжиггүй. Миний бие бүрэн эрхийнхээ хугацаанд энэ асуудлыг шийдвэрлэхийн төлөө тууштай чармайх болно” хэмээн Такаичи Санаэгийн хэлснийг CNN агентлаг мөн эш татсан байна. 1970-аад оны сүүл, 1980-аад оны эхээр Хойд Солонгосын тагнуулчид Японы наад зах нь 17 иргэнийг хулгайлсан хэмээн Токио үздэг. Тэдний тавыг Пёньян 2002 онд буцаан өгсөн юм.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.