Ухаалаг утасны зах зээлд “Samsung” тэргүүлсээр байна
Гэрэл зураг © www.smarter-ecommerce.com/

Ухаалаг утасны зах зээлд “Samsung” тэргүүлсээр байна


   Ухаалаг утасны дэлхийн зах зээлд Өмнөд Солонгосын “Samsung” корпораци тэргүүлсээр байгааг технологийн судалгааны “Omdia” компанийн өчигдөр нийтлүүлсэн тайлан харууллаа. 2025 оны гуравдугаар улиралд “Samsung” хэрэглэгчдэд 60.6 сая утас борлуулснаар нийт зах зээлийн 19 хувийг эзэлсэн бол Америкийн “Apple” корпораци 56,5 сая утас нийлүүлж 18 хувийг эзэлжээ. Харин Хятадын тэргүүлэх үйлдвэрлэгч “Xiaomi” 43,4 сая ширхэгийг нийлүүлснээр 14 хувь буюу гуравдугаар байранд явж байна. Нийтдээ энэ оны гуравдугаар улиралд дэлхийн зах зээлд 320,1 сая ухаалаг утас борлогджээ. Энэ нь зах зээл өмнөх оны мөн үеийнхээс 3 хувиар тэлсэн гэсэн үг юм. “Дэлхийн зах зээлийн өсөлт хоёр туйлтай, өөрөөр хэлбэл хямд ба өндөр үнэтэй утасны эрэлт өссөөр байгаа нь харагдлаа. Өөрөөр хэлбэл дундаж хэрэглэгчдийн өсөлт сул хэвээрээ байна” хэмээн  “Omdia”-гийн шинжээчид онцлон тэмдэглэжээ. Зах зээл дэх томоохон нийлүүлэгчдийн бүгдийнх нь борлуулалт өссөн нь мөн шинжээчдийн анхаарлыг татаж байна. Тэдгээрийн дотроос “Tecno” брэндийг үйлдвэрлэгч, Хятадын “Transsion” корпорацийн борлуулалт даруй 12 хувиар өссөн нь маш өндөр үзүүлэлт болжээ. Ингэснээр тус корпораци томоохон нийлүүлэгчдийн жагсаалтад шууд дөрөвдүгээр байранд орж ирсэн байна.

   Гуравдугаар улиралд “Samsung”, “Apple” компаниуд зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгална хэмээн технологийн салбарын тэргүүлэх шинжээч “International Data Group” 10 дугаар сарын эхээр таамагласан нь ийнхүү биеллээ олов. “iPhone 17” утас зах зээлд ихээхэн амжилт олсон ч “Apple” өрсөлдөгчөө гүйцэж чадахгүй хэмээн тус компанийн шинжээчид үзсэн билээ.

   


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.