103 кг алтаар хийсэн жорлонг дуудлагаар худалдана
Гэрэл зураг © Leon Neal / Getty Images

103 кг алтаар хийсэн жорлонг дуудлагаар худалдана


   Америкийн дуудлага худалдааны “Sotheby's” компани дэлхийн хамгийн алдартай жорлонг олон нийтэд худалдахаар бэлтгэж буй талаар “Art Newspaper” сайт мэдээлэв. Алдартай болсон учир нь “America” хэмээх нэртэй энэ бүтээлийг 18 каратын 103 кг цэвэр алтаар хийсэн бөгөөд сантехникийн сүлжээнд холбогдон ердийн жорлонгийн адилаар ажилладаг юм. Нью-Йорк хотын Гуггэнхэймийн урлагийн музейд буй энэ жорлонг Италийн концептуал уран бүтээлч Маурицио Каттелан 2016 онд урлажээ. Гуггэнхэймийн музейд уг жорлонг олон нийтэд нээлттэй болгоход нэг жилийн дотор 100 мянган хүн төлбөртэйгээр бие зассан гэдэг. М.Кателлан хоёр ийм жорлон хийсний нэг нь 2019 онд Английн Оксфордын "Blenheim" музейд түр тавигдаж байгаад хулгайд алдагдсан нь одоо болтол сураггүй байгаа юм. Мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар, хулгайч нар уг жорлонг хайлуулсан байх өндөр магадлалтай ажээ.

   “America”-г борлуулах дуудлага худалдаа энэ сарын 18-ны өдөр болох бөгөөд жорлон дор хаяж 10 сая долларын үнэ хүрнэ хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна. Эдүгээ 62 настай М.Кателланы бас нэг өвөрмөц бүтээл өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон “Sotheby's”-ын дуудлага худалдаагаар 6.2 сая долларын үнэ хүрсэн явдал ихээхэн шуугиан дэгдээсэн билээ. “Comedian” хэмээх энэ бүтээл нь хананд скочоор тогтоосон ердөө нэг ширхэг гадил жимс бөгөөд хятад гаралтай, криптовалютын тэрбумтан Жастин Сун худалдан авмагцаа газар дээр нь идсэн билээ. 

6.2 сая долларын үнэ хүрсэн гадил буюу “Comedian” хэмээх бүтээл. Гэрэл зураг ©  www.wikipedia.org


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.