210 кг жинтэй туна загас барьсан нь 2000 паундын үнэ хүрчээ
Их Британийн Дэвон гүнлигийн далайн эрэг хавьд загасчилж явсан агнуурын онгоцныхон 210 кг жинтэй Атлантын хөх туна загас барьсан талаар Radio Exe сайт мэдээлэв. Плимүт хотын “Pecheo Grande” онгоцны багийнхан энэ загасыг ердийн уургаар барьсан бөгөөд 2025 онд Их Британи даяар агнасан энэ төрлийн загасны хамгийн том нь болсон байна. Дэвоны байгаль хамгаалах нийгэмлэг энэ явдлыг 2000-аад оны эхээр эрх баригчид загас агнуурт тавих хяналтыг чангатгаснаас гадна загас агнах зөвшөөрлийн тоог эрс бууруулснаар хөх туна загас энэ бүс нутагт эргэн нутагшиж буйн тэмдэг хэмээн өөдрөгөөр үзжээ. “Pecheo Grande” онгоцныхон Дэвоны Бриксэм хотын загасны зах дээр аваачин олзоо борлуулсанд 2000 паундын үнэ хүрсэн байна.
Аварга том туна загас Японд ихээхэн үнэ хүрдгээрээ алдартай. Энэ оны хамгийн үнэ хүрсэн ийм загасыг нэгдүгээр сарын гурванд Токио хотын Тоёосү зах дээр худалдсан юм. 276 кг жинтэй хөх туна загасыг Мишлэний одтой хэд хэдэн ресторан эзэмшдэг “Onodera Group” компани үнэ хаялцан 1.3 сая доллароор авсан билээ. Энэ нь Японы түүхэн дэх хамгийн өндөр үнэ хүрсэн хөх туна загасны хоёрдугаарт орсон бол нэгдүгээрх нь 2019 онд 3.1 сая доллароор худалдсан 278 кг жинтэй загас байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







