АНУ-ын хамгийн нөлөө бүхий дэд ерөнхийлөгч таалал төгсөв
Гэрэл зураг ©  REUTERS/Gary Hershorn

АНУ-ын хамгийн нөлөө бүхий дэд ерөнхийлөгч таалал төгсөв


   АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Дик Чэйни уушгины хатгаа, зүрх судасны өвчний улмаас 85 насандаа таалал төгслөө. 1941 онд Небраска мужид төрсөн Д.Чэйни Бүгд найрамдах намын гишүүн байсан бөгөөд АНУ-ын дөрвөн ерөнхийлөгчийн засаг захиргаанд ажилласны дотор 2001-2009 онд буюу ерөнхийлөгч бага Жорж Бушийн үед дэд ерөнхийлөгчийн алба хашиж байсан юм. “The Washington Post” сонин түүнийг “АНУ-ын хамгийн нөлөө бүхий дэд ерөнхийлөгч” хэмээн нэрлэж байв. 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын дараа АНУ-ын гадаад бодлогыг тодорхойлоход Д.Чэйни ихээхэн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Афганистан, Иракт цэргийн ажиллагаа явуулах шийдвэрийг гаргалцаж байв. Улмаар лалын алан хядагчдыг байцаахад хүч хэрэглэх явдлыг ТТГ-т зөвшөөрөх байр суурийг хамгаалан хэрэгжүүлж байсан юм. Хожим 2014 онд Сенатын тайлан илтгэлээр, хүч хэрэглэсэн байцаалтыг “эрүүдэн шүүлт” хэмээн хүлээн зөвшөөрөхөд ч тэрбээр байр сууриа хамгаалж “Хүч хэрэглэсэн явдал нь сая сая америкчуудын амь насыг аварсан” хэмээн мэдэгдэж байв. Мөн үүнээс өмнө буюу эцэг Ж.Бушийн үед Батлан хамгаалах яамны сайдаар ажиллаж, 1991 онд Иракийн эсрэг “Цөлийн шуурга” ажиллагааг зохион байгуулж байжээ. Нэг намын гишүүн Д.Трампыг АНУ-ын улс төрийн өндөрлөгт гарч ирэхэд Д.Чэйни хурцаар шүүмжилж, “хулчгар”, “АНУ-д учирсан хамгийн том аюул” хэмээн цоллож байсан төдийгүй өнгөрсөн оны ерөнхийлөгчийн сонгуулиар, өрсөлдөгч намын нэр дэвшигч Камала Харрист саналаа өгч байсан билээ.      

   CNN телевизийн мэдээлснээр, Д.Чэйни амьдралынхаа сүүлийн дөчөөд жилд хэд хэдэн удаа цус харваж байсан төдийгүй 2012 онд зүрх шилжүүлэн суулгах хагалгаанд орж байжээ. “61 жил ханилсан хайрт хань Линн, хоёр охин Лиз, Мэри нар, мөн гэр бүлийн бусад гишүүд нь түүнийг амьсгал хураахад дэргэд нь байлцлаа” хэмээн Д.Чэйнийн ар гэрийнхний өчигдөр гаргасан эмгэнэлийн мэдээнд дурдсан байна. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.