Өвөр Монгол: Хөххот, Эрээн, Манжуураар гарахад НӨАТ буцаан олгодог болов
Өвөр Монголын автозамын болон агаарын боомтууд энэ 11 дүгээр сарын 1-ний өдрөөс гадаадын жуулчдад зориулсан татварын буцаан олголтын үйлчилгээг хэрэгжүүлж эхэллээ. Буцаан олголт хариуцсан тусгай албыг Хөххотын “Цагаан суварга”, Эрээн хотын “Сайн ус”, Манжуурын баруун дүүргийн олон улсын нисэх онгоцны буудлуудаас гадна Манжуур, Эрээний авто замын боомтуудад байгуулжээ. Шинэ үйлчилгээ нэвтэрснээр гадаадын иргэд эдгээр боомтоор хил гарахдаа, татварын буцаан олголттой дэлгүүрүүдээс худалдаж авсан барааныхаа НӨАТ-ыг авах боломжтой болж байна. Энэ талаар орон нутгийн хэвлэлд мэдээлэхдээ, үйлчилгээ хэрэгжиж эхэлсэн өдөр буюу 11 дүгээр сарын 1-нд Монгол улсын иргэн Мягмарсүрэн Эрээн боомтоор гарахдаа буцаан авалтын өргөдөл гаргаснаар Эрээн хотын “Хэн Яуань” дэлгүүрээс 450 юаниар авсан ус түгээгчдээ НӨАТ буцаан авсныг эш татжээ. Өнөөдрийн байдлаар Хөххот, Манжуур, Эрээний долоон томоохон дэлгүүр татвар буцаан олгогчоор бүртгүүлээд байгаа бөгөөд Өвөр Монгол буцаан олголтын үйлчилгээний цар хүрээг цаашид нэмэгдүүлэх, гадаадын хэрэглэгчдийг хөхиүлэн дэмжих, эдийн засгаа улам тэлэх бодлого баримталж байгааг хэвлэлүүд онцлон тэмдэглэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







